Өнөөдөр (2023.11.20) НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөр буюу Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Соёлын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Оюуны ундраа групп хамтран “Хүүхдийн ертөнц-бүтээлч орон зай” өдөрлөгийг зохион байгууллаа.
Энэ жил “Хүүхдийн ертөнц – Бүтээлч орон зай” өдөрлөг-ийн хүрээнд бүтэн өдрийн турш Зайсан хилл цогцолборын нэгдүгээр давхарт 14 байгууллагын бэлдсэн сургалт үйлчилгээ зохиогдлоо. Уг арга хэмжээний үеэр зохион байгуулагч болон оролцогч хүүхдүүдийн сэтгэгдлийг тодруулсныг хүргэж байна.
Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг:
“Жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-ны өдрийг дэлхийн 190 гаруй орон тэмдэглэн өнгөрүүлж, хүүхдийн эрхийг сануулан, хүүхдийн дуу хоолойг сонсож, оролцоог нь нэмэгдүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулдаг. Энэхүү өдрийг тохиолдуулан Соёлын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Оюуны ундраа групп хамтран “Хүүхдийн ертөнц-бүтээлч орон зай” өдөрлөгийг зохион байгуулж байна.
Хойч үедээ соёлын өвийг өвлүүлэн үлдээх, хүүхдийн хөгжил оролцоог дэмжих  зорилготой уг өдөрлөгт Өдрийн турш 1500 орчим хүүхэд оролцохоор зохион байгуулалт хийсэн.
Өдөрлөгийн хүрээнд музейн, хүүхэлдэйн урлагийн, театрын, номын, гар урлалын, уран зургийн, уран бичлэгийн, анимэйшн бүтээлийн, оньсон тоглоомын гэх мэт танин мэдэхүйн болон урлагийн боловсрол олгох өртөөчилсөн хөтөлбөрүүд үнэ төлбөргүй зохиогдоно. Мөн уг өдөрлөг залуу хамтлаг дуучдын тоглолтоор өндөрлөх юм. 
Монголын Үндэсний музейн Боловсролын ажилтан И.Мөнхчимэг: Насны ангилалд тохирсон боловсролын хэрэглэгдэхүүнийг бэлтгэсэн байна. Одоогоор бага насныханд монгол угсаатны хувцас хэрэглэлийг таниулах хөтөлбөр явагдаж байна. Үүний дараа дунд, ахлах ангийнханд оньсон тоглоом шагайн наадгай зэргийг тоглуулж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд туслах болно.
Хүүхдүүд маш сэтгэгдэл өндөр байгаа. Харилцааны хувьд маш хүлээцтэй хандаж хийж буй зүйлдээ бүтээлчээр хандаж байгаа нь ажиглагдсан. Энэ төрлийн үйл ажиллагаа нь хүүхдийг нийгэмшүүлэх, хамт олонтойгоо эвсэг найрсаг болгох, өөрийгөө илэрхийлэх чадамжийг нэмэгдүүлэх зэрэг давуу талтай байдаг. Өртөөчилсөн байдлаар сургалт явагдаж байгаа учраас алхам тутамдаа шинэ зүйл сурч мэдэж байгаа нь хүүхдэд илүү таалагдаж байна.
Нийслэлийн хоёрдугаар сургуулийн 10-р ангийн сурагч:
Хоёр дахь өртөөн дээрээ ирээд байна. Анхан шатны тусламжийн мэдлэг аваад, одоо үндэсний уяа зангилааны хэсэгт ирсэн байна. Сэтгэл ханамж бол маш өндөр байгаа. Энэ төрлийн үйл ажиллагаа тэр бүр зохион байгуулагддаггүй. Өв соёлоо танин мэдэж, өөрийн биеэр нэг хэсгийг нь хийж бүтээж үзсэндээ баяртай байна. Өртөөчилсөн байдлаар хийгдэж байгаа нь бидэнд илүү амар, илүү сонирхолтой байгаа. Багш нарын заах арга барил ч мөн таалагдаж байна. 
Дүрслэх урлагийн музейн тайлбарлагч н.Хулан:
Дүрслэх урлагийн музейн хувьд барлах урлаг, хайрцагтай музей, Монголын нэг өдөр гэсэн гурван хөтөлбөрөөр оролцож байна. Хүүхдүүд маш сэтгэл хангалуун хүлээж авч байна. Тэр тусмаа барлах урлагийн арга барилыг илүү сонирхож, хийж үзэж байна. Хүүхэд энэ төрлийн бүтээлийг хэрхэн бүтдэг тухай мэдлэг олгож, өөрийн гараар хийж үзэх боломж олгож байгаа нь маш том давуу тал юм. Танхимд хичээллэхээс илүү ийм байдлаар хичээллэх нь маш сонирхолтой байгааг ч хэлж байна.
Сурагч Н.Сондор:
Сэтгэгдэл гоё байна. Өнөөдөр наалт нааж үндэсний хувцасны талаар мэдэж авсан. Сургууль дээр иймэрхүү зүйл болдог бол гоё л байна. Өнөөдөр амжвал бүх өртөөн дээр очиж үзнэ гэж бодож байна.
“Хүүхдийн ертөнц-бүтээлч орон зай” өдөрлөгийн үеэр хүүхэлдэйн жүжиг, урлагийн тоглолт, илтгэх урлаг, манлайллын хөтөлбөр, хүүхдийн эрхийн боловсрол мэдээлэл, сэтгэлзүйн зөвлөх үйлчилгээнд ч хамрагдах боломжтой. Өдөрлөгийн төгсгөлд Vandebo, Batuh, Idre, Dawka зэрэг олон уран бүтээлчид уран бүтээлээр бэлэг барих аж.
May be an image of 8 people and text
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу