АТГ-аас УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татан шалгаж буй талаар мэдээлж байсан билээ. Түүнийг авлига өгөх гэмт хэрэгт буруутгасан бөгөөд хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэв.

МАН нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах санаачилга гаргасны дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр сонсгол зохион байгуулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “Эрх баригчид сөрөг хүчин рүүгээ дайрдаг байдлаа болих хэрэгтэй. Бизнес эрхлэгчид улстөрийн салбарт орж ирсэн. Миний хувьд 40 мянган жолооч бэлтгэсэн. 2000 мэргэжилтнийг ажлын байраар хангасан. Би ажил олгогч эмэгтэй.

Эрх баригчид хулгай, луйвраа нуухын тулд сөрөг хүчин рүүгээ дайрч байна. “Ичсэн хүн хүн ална” гэгчээр тээврийн компани, бизнес эрхлэгчид, жолооч нар руу дайрч эхэллээ. Сүүлийн зургаан жил хэн засаг, тамга барьсан юм бэ. Яагаад бид энэ жагсаалыг зохион байгуулна гэж.

Өнөөдрийн байдлаар намайг хууль, хяналтын байгууллагаас шалгаагүй байна. Би шалгуулахад бэлэн. Бусад УИХ-ын гишүүдийн хамт шалгуулж болно. Улс төрд орсон цагаас хойш намайг маш их хэмжээний гүтгэлэг дагасан. Энэ бүхнийг би улстөрч хүний хувьд, УИХ-ын гишүүний хувьд сонгосон зам хэмээн өдийг хүртэл чимээгүй явсан. Би хулгай, луйвар хийсэндээ чимээгүй явсан юм биш. Үнэн мөнийг дэнслэх ёстой. Цаг хугацаа бүгдийг шүүдэг. Би ямар ч хэвлэлтэй хаалттай гэрээ хийгээгүй. Нээлттэй байдаг.

2020 оны тавдугаар сарын 6-нд намайг хууль хяналтын байгууллага шалгасны дараа намаас УИХ-д дэвшүүлсэн. Би нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Үүнийгээ хэзээ ч нуугаагүй. Нүүрс тээврийн компаниуд хулгай хийх, хилээр нүүрс дураараа гаргах эрх мэдэл байхгүй” гэсэн билээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу