Колумбын супер од Шакирад холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн Даваа гаригт товлогдсон ч тэрбээр Испанийн эрх баригчидтай “тохиролцож”, татвараас зайлсхийсэн хэргээ хаасан байна.

Барселон хотын прокурорын газраас Даваа гарагийн үдээс хойш гаргасан мэдэгдлийн дагуу Грэммийн шагналт дуучин бүсгүй өөрт нь тулгаж буй хэргүүдийг хүлээн зөвшөөрч, төлөх ёстой мөнгөө бүрэн төлж, нэмэлт торгууль төлөхөөс ч татгалзаагүй ажээ.

Прокурорууд Шакираг татвараас зайлсхийсэн хэргээр 6 зүйл ангиар буруутгаж, 6-8 жилийн хорих ял оноохоор төлөвлөөд байжээ. Улмаар түүнийг гурван жил өдөрт ойролцоогоор 437 доллар буюу 470,000 гаруй ам.долларын торгууль төлнө гэж тооцоолж буй талаар албаныхан мэдэгдэж байсан аж.

Испанийн эрх баригчид өнгөрсөн есдүгээр сард дуучин Шакираг татвараас зайлсхийсэн хэрэгт дахин буруутгасан. Тус улсын прокурорууд түүнийг 2018 онд Эль Дорадод хийсэн дэлхийн аялан тоглолтынхоо дараа Испанид төлөх ёстой байсан 6.7 сая евро (7 сая орчим ам.доллар) төлөөгүй, мөн бусад орлогоо нуун дарагдуулсан гэж буруутгажээ.

Тус улсын эрх баригчдын мэдээлснээр, 2018 онд Шакира хуучин найз залуу, хөлбөмбөгчин Жерар Пикегийн хамт Барселонад байнгын оршин суугчийн статустай амьдарч байсан тул Испанийн татвар төлөгч байсан аж.

Шакира татвараас зайлсхийсэн гэх дээрх хэргийг энэ оны долоодугаар сараас шалгаж эхэлжээ. Испанийн RTVE телевизийн мэдээлснээр, 46 настай дуучин бүсгүйг 2012-2014 оны хооронд 14.5 сая еврогийн татвар төлөөгүй хэмээн буруутгасан талаар “Ройтерс”  агентлаг мэдээлж байв.

Шакира өөрийгөө дээрх хэрэгт ямар ч буруугүйгээ удаа мэдэгдэж, нэгэн ярилцлагадаа “Надад өөрийгөө буруугүйг батлах хангалттай нотолгоо бий. Шударга ёс миний талд байх болно” гэж хэлж байжээ.

Эх сурвалж: CNN, BBC
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу