“Дахиад өгөх амь алга, одоо зогс” хэлэлцүүлэг өчигдөр (2023.11.21) боллоо. Энд цэргийн албанд яваад, амиа алдсан, эрэмдэг болсон иргэдийн ар гэрийнхэн болох 30 гаруй хүн иржээ. 

Тэдний нэг, 40 орчим насны эмэгтэй танхимын буланд нулимс дуслуулан зогсохыг хараад, тэсэлгүй тайвшруулахаар очив. Тэрбээр “Үхсэн хүний ясыг битгий өндөлзүүлээд бай гэж гэрийнхэн маань хэлсэн. Гэхдээ 18-хан насандаа амиа алдсан хүүгийнхээ хэргийн үнэн мөнийг олж, цэргийн албыг цэгцлэхийн тулд энд ирлээ. Олны өмнө гашуун явдал ярих хэцүү байна” хэмээн уйлав.

30 гаруй хүн ямар их зориг гаргаж, зовлон тээж ирсэн нь түүний ярианаас мэдрэгдэнэ. Гэвч тэдний үгийг бүрэн сонсох сайд, гишүүн байсангүй.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, ЗХЖШ-ын дарга С.Ганбямба, ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэн, Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис нарын хэн нь ч ирээгүй юм. Харин УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар ирээд, хэлэлцүүлгийн дундаас гарч одов. 

Эх орноо хамгаалахаар цэргийн албан яваад эргэж ирээгүй залуусын хөргийг ширээн дээр эгнүүлэн тавьжээ. Тус ширээний ард байрлах дэлгэцээр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын “Цэргийн албанд ямар ч дэглэлт, яргалал байхгүй” хэмээн ярьж буй дүрс бичлэгийг үзүүлж байна. Ийн хэлэлцүүлэг эхэллээ.

“ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААЖ БУЙ ТАВАН ЦЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ ЗҮЙ БУС ХАРЬЦААНААС БОЛЖ ХОХИРЧ БАЙНА”

Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг УИХ-д танилцуулсан. Уг илтгэлд цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд судалгаа хийсэн байгаа юм. Судалгаагаар хугацаат цэргийн алба хааж буй таван цэрэг тутмын нэг нь зүй бус харьцаанаас болж хохирч байна хэмээн дүгнэжээ. 

Энэ талаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд хэлэлцүүлгийн эхэнд танилцуулав. Тэрбээр “2021 онд Зэвсэгт хүчний 14, хилийн 12 ангийн 1500 орчим хүнийг хамруулан судалгаа хийсэн. Судалгаагаар цэргийн алба хааж байгаа нийт алба хаагчдын 18.8 хувь нь ямар нэгэн байдлаар дүрмийн бус харьцаанд өртөж байсан гэдэг дүгнэлт гарсан.

Энэ социологийн судалгаа учраас баталгаатай болгохын тулд чанарын судалгаа хийж үзсэн. Ингэхдээ цэргийн албанд хүний амь нас хохирсон 30, хүний эрүүл мэнд хохирсон 127 хэргийг прокурорын байгууллагаас татан авч, бүгдэд нь дүн шинжилгээ хийсэн. Гол дүгнэлт нь цэргийн албанд хүний амь хохирох явдал таслан зогсоогдохгүй байна гэж гарсан.

“ЗҮРХЭЭ СУГАЛУУЛЧИХСАН УЧРААС БИ ЮУНААС Ч АЙХГҮЙ, ХҮҮГИЙНХЭЭ АМИА АЛДСАН ХЭРГИЙН ҮНЭН МӨНИЙГ ОЛТЛОО ЯВНА”

ХЭРЭГ 1: 2023 оны аравдугаар сарын 20-нд цэрэгт татагдан, Зэвсэгт хүчний 0326-р ангид алба хаахаар очсон 21 настай залуу 2023.11.13-нд нас баржээ. Эл хэрэг хамгийн сүүлд болсон учир олон нийт мэдэж буй биз.

Талийгаачийн аав У.Ганбат “Миний хүү “Мандах” их сургуулийн дөрөвдүгээр курсэд суралцаж байхдаа цэрэгт явсан. 21-хэн насандаа бурхны оронд заларлаа. Би одоо ганцхан л зүйлийг хүсэж байна. Хүүгийн маань амиа алдсан хэргийг хууль хяналтын байгууллага үнэн, зөвөөр шийдээсэй.

Цэргүүдийн өрөөнд яагаад камер тавьж болдоггүй юм бэ. Камер байрлуулчихвал хэрэг шийдэхэд амар юм биш үү. Ийм асуудлаа хурдан шийдээч. Цагдаагийн байгууллагаас камерын бичлэг үзүүлье гэж намайг дуудчихаад, гадаа цас арилгаж байгаа бичлэг үзүүлэх гэж байсан. Би түүнийг нь “Үзэхийг зөвшөөрөхгүй” гээд, гарын үсэг зураагүй. Цагдаа нар миний гарын үсгийг хүчээр зуруулах гэж байсан. Хэрэв тэр үед гарын үсэг зураад, бичлэг үзсэн бол дуугарах эрхгүй болох юм билээ.

Хүүгээ нэгэнт нас барчихсан гээд би энэ асуудлыг орхихгүй. Чадах хүртлээ явна. Надад зориг байна. Би зүрхгүй болсон. Зүрхээ сугалуулчихсан учир юунаас ч айхгүй” хэмээн ярив. 

Үүнд ЗХЖШ-ын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч Ч.Цогтжаргал “Энэ хэрэгт холбогдуулаад найман камерын бичлэгийг цагдаагийн байгууллагад өгсөн. Унтаж байгаа хэсгийн бичлэг байхгүй. Тэр нь хувь хүний хувцсаа тайлж, нүцгэлдэг хэсэг учир камер байрлуулж болдоггүй” хэмээн хариулт өгөв.

“ХҮҮ МИНЬ ДХИС-ЫН СОНСОГЧ НАРЫН ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ТЭВЧИН СУРАЛЦАЖ БАЙГААД НАС БАРСАН” 

ХЭРЭГ 2: Энэ хэрэгт мөн л камерын бичлэгийн асуудал хөндөгдөв. Дотоод хэргийн их сургуульд суралцаж байсан хүү нь есөн давхраас унаж, амиа алджээ. Хэргийн газарт юу болсон талаар ээж нь одоог хүртэл тодорхой мэдээлэл авч чадаагүй бөгөөд хэрэг болох үеийн камерын бичлэг устсан аж.

Талийгаачийн ээж “Би Хөвсгөл аймгаас ирлээ. 2022 оны долдугаар сард хүү минь Дотоод хэргийн их сургуульд суралцахаар явсан. Суралцаж байх хугацаандаа карентинд гарсан. Энэ үедээ ханиад хүрээд, хоолой өвдөж, эмчид үзүүлэхээр ороход “Аранзаа аваад зайл, энд сургуульд орох хүүхэд өчнөөн байдаг юм. Баашилж орж ирлээ” гэж хэлсэн байгаа юм.

Дараа нь цагаан сараар гэртээ ирэхэд хацар нь халцраад хөхөрчихсөн байсан. Энэ талаар асуухад “Энэ сургуульд эр хүний шанаа хүртэж байж сурдаг. Тиймээс битгий санаа зов. Хүнд битгий хэлээрэй, хэлбэл хүү нь алуулна шүү” гэсэн. Ийм зүйлс олон ажиглагдсан.

Эцэст нь, миний хүү өнгөрсөн оны зургаан сард есөн давхраас унаж, нас барсан. Тухайн үед дэргэд нь долоон сонсогч байсан гэдэг. Бид камерын бичлэг авах гэтэл 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл бичдэг камерын бичлэгийнх нь 3-6 цаг хүртэлх бичлэг алга болчихсон байсан. Ингээд л миний хүү амиа хорлосон болоод дууссан.

Тухайн сургуулиас над руу нэг ч удаа яриагүй. Дараа нь холбогдоход “Бид завгүй ажилтай байсан” л гэж хэлсэн. Уг нь эмгэнэл илэрхийлээд, уучлалт гуйсан бол дотор минь бага ч болов онгойх байлаа” хэмээн ярилаа.

Дотоод хэргийн их сургууль Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа. Тус яамыг төлөөлж хэлэлцүүлэгт нэг ч албан тушаалтан ирээгүй тул хэн ч тайлбар хэлсэнгүй. 

“ЦАСАН ШУУРГАТАЙ ҮЕЭР БЭЭРЧИХСЭН БАЙХАД ГРАНАТ ШИДҮҮЛСНЭЭС БОЛЖ ХӨЛГҮЙ БОЛСОН”

ХЭРЭГ 3: Өмнөговь аймагт байрладаг Зэвсэгт хүчний 167-р ангид алба хааж байхдаа хөлөндөө буудуулж, хөлгүй болжээ. 

Хохирогч “2006 онд цэрэгт татагдаж, алба хааж байх үедээ байлдааны сургалтын үеэр гранат шидээд, бэртээд, хөлгүй болчихсон. 2017 оны хоёрдугаар сард цасан шуургатай шөнө байлдааны сургуулилт хийсэн. Маш хүйтэн байсан. Бээрчихсэн байсан учрас гранатаа дутуу шидэгдсэн юм уу эргэж орж ирээд дэлбэрсэн. Хугацаат цэргийн алба хаагчид байлдааны гранат ашиглуулж болдог юм уу” хэмээн асуулаа. 

ЗХЖШ-ын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч Ч.Цогтжаргал “Иргэн цэргийн албанд татагдсан л бол байлдааны бүх зэвсэгтэй харьцана. Байлдааны гранатыг хэрхэн шидэх талаар сургуулилт хийнэ. Ийм сургуулилт хийхэд цаг агаарын нөхцөл байдал хамаагүй. Өөрөөр хэлбэл, байлдаанд бэлдэж байгаа учраас цаг агаарын нөхцөл байдал ямар ч байсан зэвсэг ашиглаж болно” хэмээн хариулав. 

“18-ХАН НАСТАЙ ХҮҮГИЙН МИНЬ ХОДООД ЗАДАРЧ, НАС БАРСАН. ШАЛТГААНЫГ НЬ ГУРВАН БУУЗ ИДСЭНЭЭС БОЛСОН ГЭЭД БАЙНА”

ХЭРЭГ 4: Цэрэгт явсан 18 настай хүүгийн ходоод задарч, амиа алджээ.

Талийгаач хүүгийн ээж “2022 оны тавдугаар сард миний хүү дотоодын цэргийн 05-р ангид цэрэгт татагдаж явсан. Зургаадугаар сарын 15-нд тангаргийн баяр болж, очиж уулзсан. Маргааш нь цэргийн ангийнх нь эмч залгаж, “Танай хүүхэд хоолны хордлого авчихаж. Та өчигдөр хүүдээ ямар хоол өгсөн бэ” гэсэн. Ходоод нь задарчихсан байна гээд хагалгаа хийж, ходоодыг нь авснаас болоод хорвоог орхисон.

Ходоод нь яагаад задарсан шалтгааныг би одоог хүртэл мэдээгүй. Тангаргийн баяраар нь хүүдээ бууз аваачиж өгсөн. Хүү маань “Хоол их идэж болохгүй гэсэн” гээд, гурвыг л идсэн. Гурван бууз битгий хэл би таван бууз идсэн ч ходоод маань задраагүй байгаа биз дээ.

Гэтэл шүүх шинжилгээний дүгнэлтээр гадны нөлөөгүй гэж гарсан. Би гомдолтой байна. Гурван бууз идээд, хүний ходоод задарна гэж байх уу” гэлээ.

Ийм байх үндэслэлтэй эсэх талаар ХХЕГ-ын Эрүүл мэндийн албаны дарга Б.Баярсайханаас тодруулахад тэрбээрМаш их харамсаж байна. Тухайн үеийн нөхцөл байдал, шүүх шинжилгээний дүгнэлтийг мэдэхгүй байгаа учир хариулт хэлж чадахгүй нь. Хилийн цэргийг хариуцдаг байгууллагынхнаас асуусан нь зөв” хэмээв.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас төлөөлөл байхгүй, хариулт өгөх хүн олдсонгүй. 

“ГАНЦ ХҮҮГ МИНЬ ЦЭРЭГТ АВЧ ЯВААД ЕРТӨНЦИЙГ ХАРАХ НҮДГҮЙ, СОНСГОЛГҮЙ БОЛООД ИРСЭН. ХҮҮ МИНЬ 20 ЖИЛ ТАРЧИЛЖ БАЙНА” 

ХЭРЭГ 5: 2003 онд цэрэгт явсан А.Ууганбаатар дөрвөн алба хаагчид зодуулж, хараагүй, сонсголгүй болжээ. Тэрбээр өндөр настай эмээ, өвчтэй ээжийгээ үлдээгээд, цэрэгт явж чадахгүй тул нэг жил өнжих хүсэлт гаргасан боловч авч хэлэлцээгүй аж. 

Албаны хүн “Одоо мөрдөгдөж байгаа хуулиар өөр болсон. Тухайн үеийн хуулиар авч явахаас аргагүй” хэмээв.

Ийм байдлаар 30 гаруй хүн 20 хүртэлх жил дотроо тээж явсан гомдлоо хэлж, бугласан асуудлаа ярилаа. Гэвч дээр дурдсанчлан тодорхой тайлбар өгөх хүн байсангүй. 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хэлэлцүүлэгт очиж амжихгүй, дэд сайдаа явуулна гэдгээ мэдэгдсэн. Гэвч ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо ирээгүй. Тус яамнаас ядаж нэг мэргэжилтэн түрхэн зуур ч ирж харагдсангүй. 

Энэ салбарын асуудлыг бодлогын хэмжээнд авч үзэж, алдааг засах ёстой нь хуулийнхан болоод батлан хамгаалах салбарынхан. Гэтэл нэг ч хүн ирээгүй нь олон нийт бухимдангуй үлдэхэд хүргэсэн бөгөөд бодлогын түвшинд тодорхой шийдэлд хүрсэнгүй. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу