Японы эргийн хамгаалалтын алба Хойд Солонгос тагнуулын хиймэл дагуул тээсэн байж болзошгүй пуужин хөөргөсөн тухай мэдээлэв. Үүнтэй холбогдуулан Япон Улс “J-Alert” дохиоллын системийг идэвхжүүлж, өмнөд хэсгийн Окинава мужийн оршин суугчдадаа пуужингийн хог хаягдал унаж болзошгүй тул барилга байгууламж, эсвэл газар доогуурх хоргодох байранд орохыг уриалжээ.

“J-Alert” анхааруулах системийн мэдээллээс харахад, БНАСАУ-ын пуужин Японы агаарын орон зайг дайран өнгөрчээ. Иймд өмнөд хэсгийн Окинава мужийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх анхааруулгыг цуцалсан байна.

БНАСАУ гурав дахь удаагаа ийнхүү хиймэл дагуул хөөргөх оролдлого хийсэн талаар “Ёнхап” агентлаг Өмнөд Солонгосын армийн мэдээллээс иш татан мэдээлжээ.

БНСУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос “Хойд Солонгос цэргийн тагнуулын хиймэл дагуул гэж нэрлэдэг зүйлээ өмнө зүг рүү хөөргөсөн” гэж мэдэгдсэн байна.

Хойд Солонгос өмнө нь арваннэгдүгээр сарын 22-ноос арванхоёрдугаар сарын 1-ний хооронд хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж буй тухайгаа Японы Эргийн хамгаалалтын албанд мэдэгджээ.

БНСУ-ын Үндэсний батлан ​​хамгаалахын сайд Шин Вон Сик арваннэгдүгээр сарын 19-нд “БНАСАУ Өмнөд Солонгосыг ялахын тулд долоо хоногийн дотор, эсвэл арваннэгдүгээр сарын сүүлээс өмнө Калифорни дахь Ванденберг агаарын цэргийн баазаас “SpaceX Falcon 9” пуужингаар анхны цэргийн тагнуулын хиймэл дагуулаа хөөргөж чадна” гэж мэдэгджээ.

Энэ оны тав болон наймдугаар сард Хойд Солонгосын цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөх оролдлого бүтэлгүйтсэн. Пёньян өнгөрсөн аравдугаар сард гурав дахь удаагаа оролдлого хийхээ мэдэгдсэн ч хиймэл дагуул хөөргөөгүй байна.

Солонгосын төв мэдээллийн агентлаг (KCNA) БНАСАУ-ын тагнуулын “Муллигён-1” хиймэл дагуулыг “Чоллима-1” пуужингаар хөөргөх ажиллагаа амжилттай болж, хиймэл дагуулыг тойрог замд оруулсан талаар мэдээлжээ.

Мөн тус агентлаг “Муллигён-1” тагнуулын хиймэл дагуулыг шинэ төрлийн “Чоллима-1” зөөгч пуужингаар хөөргөх ажиллагаа амжилттай болж, тойрог замд орсон гэж мэдэгдсэн байна.

Тус пуужинг орон нутгийн цагаар 22:42 цагт Сохэгийн сансрын буудлаас хөөргөсөн байна. Тус агентлагийн мэдээлснээр, БНАСАУ ойрын хугацаанд дахин хэд хэдэн тагнуулын хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа аж.

KCNA “Тагнуулын хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн нь БНАСАУ-ын зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдлыг дээшлүүлнэ” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: YONHAP
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу