Их Британийн “Broadway World” сэтгүүлийн Ерөнхий редактор, зохиолч Марианка Свейн “The Telegraph” сонины өнгөрсөн Мягмар гараг (2023.11.21)-ийн дугаарт Лондон хотноо тоглогдож буй “The Mongol Khan” (“Тамгагүй төр”) жүжгийн талаар шүүмж бичиж нийтэлжээ.

Тэрбээр “The Mongol Khan” жүжгийн талаарх шүүмждээ “Монголын түүхэн энэ жүжгийн талаар мэдэх ёстой эхний зүйл нь жүжигт гарч буй хаан бол Чингис хаан биш. Энэхүү жүжигт Орос, Хятадын “эрхшээл”-ээс ангижрахын тулд “Зөөлөн хүчний бодлого” барихыг хичээж буй жижигхэн улсын 2000 жилийн өмнөх үйл явдлыг харуулахыг хичээж.

Энэхүү жүжгийг Лондонд ирж тоглож байгаа нь Их Британи, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буйтай холбоотой юм. Сонирхолтой үйл явдалтай холбоотойгоор ирсэн, 70 жүжигчний бүрэлдэхүүнтэй энэхүү баатарлаг жүжиг үнэхээр уйтгартай байлаа.

Бавуугийн Лхагвасүрэнгийн 1998 онд бичсэн энэ зохиолд удам залгамжлах асуудалтай нүүр тулсан хааны тухай өгүүлнэ. Хааны хатан болон бага хатан хэдэн өдрийн зайтайгаар ханхүү төрүүлдэг ч үнэн хэрэгтээ их хатны хүүхэд хааных биш, хорон санаат зөвлөхийнх нь хүүхэд болж таарна. Хаан татвар эмийнхээ хүүгээр удмаа залгамжлуулах шийдвэр гаргасны дараа зөвлөгч нь нялх хүүхдүүдийг сольж орхидог.

Энэ бүхнийг нэг үзэгдлээр харуулж болох байсан ч тэгсэнгүй. Эхний үзэгдэлд бараг тэр чигтээ энэ үйл явдал өрнөв. Жүжгийн хэмнэл тэвчээр алдам удаан. Та энэ жүжгээс дуурь, балет, эсвэл Шекспирийн жүжгээс авдаг шиг гоо зүйн таашаал авч чадахгүй.

Түүхч Жон Мэний (түүний жүжгийн зохиолч эхнэр Тимберлейк Вертенбейкэр тусалсан бололтой, ний нуугүй хэлэхэд итгэхэд бэрх) англи хэлнээ хөрвүүлсэн “тунхаглалын яриа хэлцэл” нь хэт хүнд зүйрлэлүүдээр дүүрчээ.

Жүжгийн хоёрдугаар үзэгдэл бүхэлдээ аллага. Маш эмгэнэлтэй байх учиртай. “Херо” Баатарын продакшны жүжигчид, дээл өмссөн бүжигчид, найрал дуучид гайхалтай үзүүлбэр үзүүлж, тайзыг дүүргэн, багталцаж ядах. Гэтэл хачин эелдэг байв.

Тулааны хөгжим нь муухан киноныхтой адил. Жүжигчдийн хувцаслалтын тухайд үндэсний хэв шинжтэй, гоёмсог хувцаснаас эхлээд судас шөрмөс дүрсэлсэн, бариу хувцсууд ч байв. Үүн дээр хүчтэй амьсгал, ёололтыг нэмбэл хачин жигтэй юм.

Жүжиглэх арга барил нь маш уянгалаг. Эрдэнэбилэгийн Ганболд үнэхээр хаан дүрээрээ хүчирхэг байсан ч үзэгчид илүү мэдээлэлтэй байдаг тул түүнийг ухаалаг удирдагч гэж үнэлэхэд хэцүү байв. Сугарын Болд-Эрдэнэ ёжтой, Уртнасангийн Уранчимэг тарчилж зовсон хатан хаан, Шадавын Доржсүрэн хуарангийн дарангуйлагч…

Соёлын харилцааг ямагт дэмжинэ. Тэр дундаа дипломат суурьтай соёлын солилцоо илүү чухал. Гэхдээ “төр” ард түмнээс дээгүүр гэдгийг харуулах гэсэн суртал ухуулгын шинжтэй мессэж, эсвэл шагнал бүхнээс илүү гэх шоу үзүүлбэр үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадна гэдэгт би л лав эргэлзэж байна” гэжээ.

Эх сурвалж: THE TELEGRAPH
Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу