Жижиг намууд Сонгуулийн тогтолцоог холимог болгож, Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар ирэх намар сонгууль болно. УИХ-ын гишүүдийн тоог 150 орчим болгоно гэсэн молиго үмхэчихээд баясаж сууна. Эртний мөрөөдөл, горьдлого гэдэг хүнийг харалган болгочихдог бололтой. Уг нь өөрсдийгөө эрдэм номтой, туршлага чадвартай хэмээн цээжээ дэлдэх хүмүүс жижиг намуудад дүүрэн бий. Арга ч үгүй, УИХ-ын сонгуульд дээд тал нь тав өрсөлдсөн, улс төрийн донтонгууд байдаг л даа. Ар гэр, амьдрал, бизнесээ дампууртлаа сонгуульд нэр дэвшсэн нөхөд чухам яах гэж ийнхүү мөрөөдөж байгааг ч ойлгож ядах юмгүй. Гэтэл энэ парламент тараад ирэх намар сонгууль явуулж, тэгээд мөрөөдөгчдийг оруулж ирэх үү гэх асуулт зүй ёсоор урган гарна. Тэгэхээр хэд хэдэн шалтгаан байгааг дурдъя.  

Нэгдүгээрт, Үндсэн хууль өөрчлөх процесс өөрөө тодорхой үе шаттай. Хууль эрх зүйн хүрээнд амжихгүй гэсэн үг.

Хоёрдугаарт, Тухайн сонгуулийг зургаан сарын өмнө зарлана гэсэн нэг заалт бий. Өнгөрөгч 2016 оны өмнө суурь зарчимд өөрчлөлт оруулсан ч хуульд хоёр янзаар байж байгаа. Тухайлбал, “ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа эхлэхээс 150-аас доошгүй хоногийн өмнө” гэж заасан. Мөн “нэгдүгээр сарын 31-нээс өмнө сонгуулийн санал авах өдрийг зарласан. Сонгууль товлон зарлах хугацааг ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө УИХ товлон зарлана” гэж хоёр заалт бий. Тэгэхээр дөрөвдүгээр сарын 25-наас өмнө зарлах хугацаатай.

Гуравдугаарт, Эрх баригчдын рейтинг нь доошилсон. Өнөөдөр нүүрсний хулгайч, Хөгжлийн банкны луйвар, Таван “Ш” ажиллагаа зэрэг олон ажиллагаа хэрэгжүүлж эхэлсэн. Үүнийхээ үр дүнг үзэхгүй сонгуульд орох тэнэгүүд биш. Нэгэнт эхлүүлсэн энэ ажиллагааг дуусгаж байж л сонгогчдоос арай дээр үнэлгээ авна. Түүнээс энэ чигээрээ сонгуульд орвол эрсдэл байгааг тооцсон байж таарна.

Дөрөвдүгээрт, Парламент тарахдаа тулвал гуравны хоёроор эцсийн шийдвэр гарна. Үхэн хатан тэмцэж орж ирсэн энэ 76 өөрсдийгөө чадамжгүй муу байна, таръя гэх хүн гарах уу. Тэгээд ч бид ажиллаж чадсангүй, ямар ч чадамжгүй хэмээн тараачихаад эргээд сонгогч дээр юугаа ярьж очих юм. Том агуулгаар нь авч үзэхэд МАН бүх зүйлээ алдлаа гэсэн үг. Улс төрийн намуудын гол зорилго бол сонгуульд ялах л байдаг биз дээ.

Тавдугаарт, Л.Оюун-Эрдэнэ энэ бүгдийг тооцож үзсэн учраас жижиг намуудын төлөөлөл дунд “Бид Үндсэн хуулиа өөрчилж чадвал ирэх намар сонгууль хийхэд татгалзах зүйл алга” хэмээн жижгүүдийнхээ горьдлогыг улам асааж байна. Ямар ч хугацаа боломж байхгүйг тооцолгүй яахав.

Зургаадугаарт, “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” УИХ-ын тогтоол 2017 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр гарч, энэ тогтоолын дагуу тодорхой үе шаттай ажлуудыг хэрэгжүүлснээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2019 онд хийж байсныг мартлаа гэж үү. Энэхүү тогтоол гарч байх үед 2020 оны сонгуулийн наана амжих уу, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг амаргүй асуудал. Ард түмний санал асуулгаас эхлээд олон процесс явагдана хэмээн ярьж байсныг санаж байгаа байх. Гэтэл өнөөдөр намар сонгууль явуулна, наана нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийнэ гэж итгэж яваа жижиг намын төлөөллүүдийг яах вэ.

ТУХАЙН ҮЕД ГАРЧ БАЙСАН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ТОГТООЛЫН ЗААЛТУУДЫГ ТАНИЛЦУУЛЪЯ

Тус тогтоолд дурдахдаа “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.3 дахь заалт, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт, 6.2 дахь хэсэг, 7 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас тогтоох нь гэсэн зургаан зүйл заалт бий.

Нэгдүгээрт, Зөвлөлдөх санал асуулгыг орон даяар, Төрийн ордны Их танхимд 2017 оны дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

Хоёрдугаарт, Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг 01 дүгээр хавсралтаар, зөвлөлдөх санал асуулга явуулах сэдвийг 02 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

Гуравдугаарт, Зөвлөлдөх санал асуулгын төсвийг 250.0 /хоёр зуун тавь/ сая төгрөгөөр баталж, санхүүжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т үүрэг болгосугай.

Дөрөвдүгээрт, Зөвлөлдөх санал асуулгын дүнг нэгтгэж, зөвлөмж гарган Улсын Их Хуралд танилцуулахыг Зөвлөлдөх зөвлөлд даалгасугай.

Тавдугаарт, Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх ажлын хэсэг байгуулах, ажлын төлөвлөгөө батлахыг Төрийн байгуулалтын байнгын хороо /Н.Энхболд/-нд үүрэг болгосугай.

Зургаадугаарт, энэ тогтоолыг 2017 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй гэсэн зургаан заалт бүхий тогтоолыг хэлэлцэн гаргаж, үүнийг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлж байжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу