Засгийн газрын өнөөдрийн /2023.11.22/ хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн. Энэ хуулийн үзэл баримтлалыг танилцуулъя. 

2014 онд анх тойргийн системээр шүүх байгуулах асуудал хуульчлагдсан. Харамсалтай нь тухайн үед Үндсэн хуульд тойргийн журмаар шүүх байгуулах асуудал тусгагдаагүй байсан учир шат дараатайгаар Үндсэн хуулийн цэцэд бүдэрч байсан. Тэр утгаараа 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт орж, шүүхийг тойргийн журмаар байгуулж болно гэдэг зохицуулалтыг оруулсан. 

2021 онд батлагдсан Шүүх байгуулах тухай хуульд  ШЕЗ-ын Дээд шүүхтэй зөвшилцөн боловсруулсан хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлнэ гэж заасан. Тодруулбал, Шүүх эрх мэдэл бол хараат бус, бие даасан гурав дахь засаглал. Тиймээс шүүх байгуулах асуудлыг Засгийн газар өөрийн тааллаар УИХ-д өргөн мэдүүлэхгүй гэсэн үг юм. Энэ дагуу ШЕЗ-өөс боловсруулж, Улсын дээд шүүхээс санал авсан хувилбарыг Засгийн газар хэлэлцлээ. 

Ингээд дараах өөрчлөлтийг оруулахаар боллоо. 

Нэгдүгээрт, Хөдөө орон нутгийн эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийг нэгтгэнэ.  Энэ шүүх нь дотроо эрүү болон иргэний хэргийн танхимтай байна. Ингэснээр анхан шатны шүүхүүдэд байгаа хоёр Ерөнхий шүүгчийн орон тоо нэг болно. Нэг байранд үйл ажиллагаа явуулж байгаа хоёр тамгын даргатай шүүхүүд нэг даргатай болно. Үндсэндээ, орон тоог нь багасгаж байна. 

Хоёрдугаарт, Тойргийн давж заалдах шатны шүүхүүдийн хүрээнд Орхон, Дархан-Уул аймгийн шүүхэд байсан эрүү, иргэний бие даасан шүүхийг дээрх зарчмаар нэгтгэнэ. 

Гуравдугаарт, Давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар байгуулах буюу бүсчилсэн хэлбэрээр, зургаан аймгийн төвд байгуулах асуудлыг энэ удаад хөндөхгүй байхаар боллоо. 

Дөрөвдүгээрт, Улаанбаатар хотод гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан анхан болон давж заалдах шатны шүүхийг шинээр байгуулна. 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагааг нь эхлүүлэх  саналыг дэвшүүлнэ. Хоёр жилийн хугацаанд байр, шүүгч зэргийг бэлтгэнэ. 

Эдгэр өөрчлөлтийг хийснээр Монгол Улсын нийт шүүхийн систем дэх зохиомол хэргийн ачаалал 40 хувиар буурна гэж тооцоолсон. 

Сүүлийн жилүүдэд авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулж байгаа ялын бодлого хэт хөнгөн, эсрэгээрээ нөлөөнд орсон байж болзошгүй, олон нийтийн анхааралд яригдсан хэргүүд торгох ялаар шийтгэгдэж байгаа тохиолдол удаа дараа гарч байна. 

Хамгийн сүүлийн жишээ гэхэд, 2.7 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон Багануурын уурхайн захирал, хөдөлмөрийн баатрыг 20 гаруй сая төгрөгөөр торгосон байна. 

Тиймээс авлигын бие даасан шүүх байгуулагдах хүртэл авлига, албан тушаалын гэмт хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхгүй. Давж заалдах шатны шүүхүүд анхан шатны журмаар, Дээд шүүх давж заалдах шатны журмаар шийдвэрлэдэг байх саналыг дэвшүүлж байна. 

Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар энэхүү өөрчлөлтийг УИХ-д нэн яаралтай горимоор буюу өнөөдөртөө багтааж өргөн барьж, хэлэлцүүлэх шийдвэрийг гаргасан. Тиймээс УИХ-д нэн яаралтай горимоор өргөн барих гэж байна. 

Мөн Ерөнхий сайд “Анхан шатны шийдвэрийн сүүлийн үеийн шийдвэрүүд авлигатай тэмцэж байгаа Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг саармагжуулах, үнэгүйдүүлэх, итгэл сэтгэлийг хөргөхөд хүргэж байна” хэмээсэн. Тиймээс авлига, албан тушаалын  ял шийтгэлийн эцсийн бодлогыг Улсын дээд шүүхэд өгч байна” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу