Өмнөд Солонгосын Тээврийн яам Лхагва гараг (2023.11.22)-т агаарын тээврийн “Vietnam Airlines”, “Аэро Монголиа” компаниудад тус улсын Агаарын тээврийн тухай хуулийг зөрчсөн хэргээр торгууль ногдуулж буйгаа мэдэгдэв.

Зорчигчдыг онгоцонд удаан хүлээлгэсэн гэж үзэн, агаарын тээврийн “Vietnam Airlines” компанид 25 сая вон буюу 19300 ам.долларын торгууль ногдуулсан байна.

Ханой хотоос өнгөрсөн долдугаар сарын 14-нд хөөрсөн тус компанийн онгоц Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутгийн Пусан боомт хотын Гимхэ олон улсын нисэх онгоцны буудалд хүрэхээсээ өмнө Сөүлийн баруун талд байрлах Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд түр газарджээ. Улмаар зорчигчдын хамт Инчоны нисэх онгоцны буудлын хөдөлгөөний хэсэгт таван цаг гаруй саатсан байна.

Нисэхийн бизнесийн тухай хуулийн дагуу олон улсын нисэх онгоц дөрвөн цагаас илүү хугацаанд зорчигчидтой хөдөлгөөний бүсэд саатах ёсгүй байдаг аж.

Монголын агаарын тээврийн “Aero Mongolia” компанийг Инчон-Улаанбаатар чиглэлд долдугаар сарын 1-нээс хойш зөвшөөрөлгүй нислэг үйлдсэн хэмээн үзэж, 10 сая воны торгууль ногдуулжээ.

Өмнөд Солонгосын Тээврийн яамны ажилтан “Агаарын хөдөлгөөн хэрэглэгчдийг хамгаалахын тулд бид гадаадын агаарын тээврийн компаниуд нисэхийн дүрэм, журмыг сайтар дагаж мөрдөж байгаа эсэхийг хянах болно” гэж хэлжээ.

Эх сурвалж: YONHAP
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу