Өнөө маргаашгүй бүү хэл ойр ойрхон өвдөлт өгч байгаа эхчүүд эмнэлгийн өрөө олдохгүй, шинжилгээний хариугаа хүлээн коридорт 1-3 хонодог. Хэзээний л төрөх эмнэлгийн эмч нар харилцаа муутай, хүндрэл чирэгдэл ихтэй тухай яригдсаар ирсэн. Бие давхар эмэгтэйг хэдэн ч удаа нааш цааш нь явуулж, өвдөлт нь ихэссэн ч хэвтүүлэх оргүй дээ юм уу, хэвтүүлэх хүсэлгүй дээ юм уу, коридорт хэдэн өдрийн турш суулгасаар, дуншуулсаар…
“Дандаа л ийм байдаг” гээд эмч, сувилагч нар нь тоохоо ч больжээ. Зарим нь хүүхэд загнаж байгаа юм шиг хөдөөгийн байрын хүмүүсийг тачигнатал загнах нь энүүхэнд байх юм. Тэр тусмаа орон нутгийн харъяалалтай бол хяналтад орсон эмнэлэг нь “Төрөх болоогүй л байна шүү дээ, сүртэй юм” гээд буцаачихдаг тухай бие давхар эмэгтэйчүүд хэлж байлаа.
Гэхдээ нөхцөл байдлыг харвал асар их ачаалал, ор хэрэгслийн хүртээмжгүй байдалд эмч сувилагч нар стрессдэхгүй байхын аргагүй ч юм шиг. Хүнд хөнгөнөөр нь хуваарилж, тэнхэрч боссоныг нь удаалгүй гаргаад нааш цааш холхих нь мэдээж хэнийг ч бай ядраах биз. Боловсон хүчин, хүний нөөцийн талд асуудал нааштайгаар шийдэгдвэл ачаалал багасч, зан харилцаач сайжрах учиртайсан.
ЖИШЭЭ №1:Баян-Өлгий аймгийн харъяат “Б” гэх нэгэн ээж Баянзүрх дүүрэгт оршин суудаг аж. Тэрбээр тус дүүргийн наймдугаар хорооны өрхийн эмнэлгээс эхлээд, дүүргийн эмнэлэгтээ хяналтад орж, төрөх хоногоо хүлээж байжээ. Ураг тээх хугацаа долоо хоногоор хэтэрч, өвдөлт өгч эхэлсэн тул Шар хаданд байрлах дүүргийн амбулаторид очжээ. Гэтэл хяналтын дэвтрийг нь үзээд, “Болоогүй байна. Долоо хоногийн дараа ир” гэж. Ингээд маргааш нь мөн дуншилт өгч эхлэхэд түргэний эмч үзлэг хийгээд, ЭХЭМҮТ-д хүргэж өгсөн байна. Гэтэл “Болоогүй байна. Маргааш ирж, шинжилгээ өг” гээд гаргажээ.
Гэртээ харьж, үүрийн гурван цагт өвдөлт нь ойртож, дахин түргэн тусламжийн машинаар ЭХЭМҮТ-д хүргэгджээ. Үзлэгт ороход савны амсар 3 см нээгдсэн, өвдөлт 2-3 минутын зайтай байж. Шинжилгээ аваад, “Хариу үдээс хойш гарна. Гарахаар нь ир” гээд гаргажээ. Өглөөний зургаан цагт эмнэлгээс гараад, хариу гарах хүртэл байх газаргүй болоод_ ойролцоох зочид буудалд байрласан байдаг.
Тэрбээр өдрийн турш босож суун тавгүйтэж, өвдөлтөө тайвнаар хүлээж авахыг ихэд хичээсэн тухайгаа ярьсан юм. Хариу гарахаас хоёр цагийн өмнө өвдөлт нь улам ихэссэн тул арга барагдаж, “Өргөө” амаржих газрыг зорьж очиход эмч нь “Ийм болчихсон байхад яагаад хэвтүүлээгүй юм бол, яаралтай хэвтээрэй” гэсэн байна. Ингээд тэр өдрөө эсэн мэнд амаржсан байдаг.
Иймэрхүү дээс томж, найзыгаа аврах үлгэр шиг тогтолцоо манай улсад хэнээс ч ичиж эмээхгүй оршсоор байна. Яах вэ, улсын 300 ортой эмнэлэг энэ тал дээр авууштай ганц эмнэлэг гэх юм уу даа.
Өвдөж буй эхнэрээ хажуудаа суулгаад, эмнэлгийн хашаанд машиндаа шөл буцалгаж суугаа олон залуусыг харж болно. Анхны төрөлтийн үед мэдлэг туршлагагүй ээжүүд юу хийх, яах ёстойгоо яаж мэдэх билээ. Гэтэл зөвлөж, зааварлаж, анхаарал тавих бус хүүхэд шиг загнаад гаргадаг улсын төрөх эмнэлэг гэж Монголд л бий биз. 
Хувийн эмнэлэгт бол арай өөр, эсвэл эмчийнх нь гарыг цайлгавал нэг өөр гэж дам ярилцана. Энэ бол эмгэнэл, ялгаварлан гадуурхалт.
Тэр аяараа муу муухай болчихсон хэрэг биш ч нүүр царай болсон томоохон эмнэлэг нь ийм чирэгдэл ихтэй байхаар хувийн эмнэлэгт амар тайван амаржихыг бодох нь мэдээж. Гэтэл тэр болгонд хувийн эмнэлэг зорьж чадахгүй иргэд ийнхүү эмнэлгийн коридорт, эмнэлгийн хашаанд, зочид буудалд эмнэлэг бараадан “дуншсаар” байна. Энэ өвдөлтийг, мэдрэмжийг төрж үзсэн хүн л мэдэх бөгөөд энэ талаар үл дуугарч байгаа хүмүүс асуудлыг шийдэхэд хүч нэмж чадахгүй байгаа хэрэг.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу