Ардчилсан нам, Монгол Ардын Нам хоёрт ганц л ялгаа бий. Ардчилсан намынхан “алалцаж” байгаад, архины ширээний ард ганц удаа суугаад, асуудлаа шийдчихдэг бол Монгол Ардын Намынхны дотоод зодоон өнгөн дээрээ эвтэй мэт боловч насны “хонзогнол” болж дуусдаг. Ардын намын залуус ч ах нарынхаа туулсан замыг тойрсонгүй туулж явна.

НАМЗХ-ны зодоон 2013 онд эрчээ авч байх үед Н.Номтойбаяр нарын фракц Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар гэх намынхан нь ч бараг танихгүй залууг Дэд ерөнхийлөгчөөр томилсноор нийслэлд өөрсдийн хүчийг бүрэлдүүлж байсан одоогийн ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Шадар сайд С.Амарсайхан, Ж.Ганбаатар нарын бүлэглэл бөөн уур унтуу болсон байдаг. “Тэргүүнээ Номт чи ав, Дэд ерөнхийлөгчөө бидэнд өг” гэсэн Д.Амарбаясгалангийн тулган шаардалтад Х.Нямбаатарыг Дэд ерөнхийлөгчөөр томилж, дунд хуруу гозойлгосон юм.

Энэ үеэс Д.Амарбаясгалан Х.Нямбаатарт үнэн голоосоо дургүй болж, гарч ирсэн газар бүрд нь дарах гэж хичээх болсон байдаг. “Даравч далдайна, булавч бултайна” гэдэг шиг дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд болтлоо торойж, одоо “Хотын дарга Нямбаа” болчихсон байна.

Дээр хэлсэнчлэн МАН-ынхны зодоон далд үргэлжилдэг. Тэр зарчмаар Д.Амарбаясгалан нарын шинэ цагийн хотын фракцийнхан Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар ил далд үзэж өнөөдрийг хүрэв. Хүчний тэнцвэрийн хувьд Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нарын талд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бий. Ерөнхийлөгчийн айлчлал, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтийд болсон нууц уулзалтад У.Хүрэлсүхийн баруун бөөрөнд Д.Амарбаясгалан дэлүү шиг наалдаж явсаар ирсэн.

Харин нөгөө талд нь Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ итгэж болох ганц эрхий хуруугаараа Х.Нямбаатарыг томилж, Засгийн газартай холбоотой хуулийн төсөл, хөрөнгө оруулалттай холбоотой томоохон ажлын хэсгийг ахлуулсан. Гэвч нийслэлд “гал” алдсан тул Л.Оюун-Эрдэнэ эрхий хуруунаасаа салахаас өөр сонголт үлдээгүй. Ингэж л Х.Нямбаатар хууль зүйн салбарт өндөр авч байсан карьераа орхиж, гал унтраагчийн дүрээр хотод “буусан”. Хотод очихоосоо өмнө нүүрсний хулгайн ажлын хэсгийг ахалж, Д.Амарбаясгалан нарыг ичээнд нь баахан “зовоосон”.

Нэг талаасаа Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар дээрээ хүч суларч байгаа мэт харагдах ч нийслэлд хамаг хүчээ хаяж, хотод олдохоо байсан газарт барилга барих болсон Д.Амарбаясгалан ба түүний нөхдийг “тарчлаах” ажлаа эхлүүлээд байгаа юм.

Х.Нямбаатар барилгын төсөл хэрэгжүүлж буй компаниудын талбайд очиж, газрын болон бусад зөвшөөрлүүдийг цуцлаад эхлэв. С.Амарсайханы хамаарал бүхий хүний газрыг цуцалснаар генсекийн ойр тойрныхонд хүнд цохилт болж эхэлжээ.

Энэ мэдээж ингээд зогсохгүй цааш үргэлжилнэ. Хотын дарга Х.Нямбаатар “түгжрэлийг бууруулахын тулд шорвог шийдвэр гаргана” гэдгээ мэдэгдсэн. Энэ хүрээнд хотын төв рүү орох машинаас 0-27500 төгрөгийн хураамж авна гэсэн ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулж, сонгуулийн өмнө намынханыхаа чихийг халууцуулж эхэлсэн тул арга буюу тахим буулгалаа. “Шорвог” шийдвэр эхний босгондоо ийнхүү бүдэрсэн.

Оны өмнө орж ирэх ёстой парк шинэчлэлийн автобусуудын мөн л бүтэлгүй дүр зураг харагдаж байгаа гэнэ. Парк шинэчлэлт бүтэлгүйтэх хандлагатай болсон тул ирэх сарын нэгнээс зургаадугаар сарын нэгэн хүртэл нийслэлийн нийтийн тээврээр иргэдийг үнэгүй зорчуулна гэж мэдэгдэв. Уг нь нэг талдаа намдаа ашигтай оноо авах хувилбар гэж үзсэн ч иргэд мөн л таашаасангүй. Шорвог бүү хэл, хэт нялуун энэ мэт шийдвэр нь иргэдэд таалагдахгүй бололтой.

Түүнчлэн нийслэлийн гамшиг болсон утааг бууруулах хүрээнд 20 мянган өрхөд цахилгаан зуух, 80 мянган өрхөд давхар шаталттай зуух тараах сураг гарав. Эрчим хүчний салбарт улаан гэрэл анивчиж, хэзээ мөдгүй хот даяараа харанхуй нөмөрч мэдэх маш эмзэг нөхцөл байдалд ирсэн ч энэ бүхнийг үл тоож сонгууль угтсан ажлаа хийхээр болж байна. Үүнийг дагасан зуухнуудын тендер автобусны тендер шиг хэл ам дагуулах нь гарцаагүй. Гэх мэтчилэн гоё санаачилга бүр нь тортог шороотой хутгалдаж мэдэх нь.

Шороотой хутгалдсан ч хонзонгоо авсаар байх тул Д.Амарбаясгалан нарын бүлэглэлийнхэн огтхон ч амар заяа үзэхгүй гэдэг нь маш тодорхой. Тиймээс Х.Нямбаатарын хэл халтирч хэлсэн үг, хазгай гишгэсэн алхам бүхэн тэдэнд олз болж, бүдрэхэд нь түлхэхэд бэлэн байгаа нь ч нууц биш. Х.Нямбаатар бүдэрч, Д.Амарбаясгалан алга таших цаг айсуй байна.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу