Философи, сэтгэл судлаач Баярхүүгийн Санчирын яруу найргийн  эмхэтгэл (“Есөн араншин” Түүний өмнөөс …) хэмээх нэгэн өвөрмөц номын хавтаснаас эхлээд хуудас, өгүүлбэр, үг бүрд нь утга агуулга “арцны утаа мэт” шингэжээ. Аливаа нэгэн зүйлд мэдээж агуулга мөн чанар оршин буй. Уг ном Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн зохиол найраглалаас загварчилгаа авсан философийн хүүрнэл төрлийн ном юм.

May be an image of text

Номыг тодотгох тоо хэмжээс нь бүхэлдээ “Ес”-ийн тоо, тэгээд “Араншин”. Есийн тоо нь “олон зүйл”, “хамаг хотол” гэсэн санаа агуулдаг. Олон зүйл амьтныг “есөн хэлтэн”, олон хүсэл мөрөөдлийг “есөн хүсэл” гэхчилэн хэлдэг. Харин темперамент буюу зан араншин нь төрөлхийн биологийн шинж чанартай зүйл. Тэгвэл хүмүүний дотор болон гадна орчинд буй хамаг сэрэл мэдрэхүйг энэхүү номд есөн үеийн үечлэл гэх өвөрмөц сондгой хэлбэрээр бүтээсэн байна.

Б.Санчир бол философи, сэтгэл судлаач нэгэн. Сэтгэлзүйн онцгой шинжүүдийн нэгдэл нь “араншин” юм бол энэ ном тэр чигтээ ямар нэгэн араншин үзүүлэх вий хэмээн, хуудас бүрийг нь шимтэн эргүүллээ.

Үнэхээр үүнээс “цаг хугацааны араншин”-г мэдэрч болно. Та магадгүй хэсэг төөрч явсан бол түрхэн амсхийгээд сөхөөд үзэгтүн. Эл ном монгол бичгээр хөрвүүлсэн зэрэгцээ хуудастайн дээр нийт 81 агуулга бүлгээ. Монгол хүний соён гэгээрлийн нэгэн бүтээл эх хэл, бичгээрээ байгаа нь бахархууштай. 

“Нас насны үечлэлд онцгойрсон есөн араншинг тодотгов. Араншин тус бүрийг есөн агуулгад хуваан задлав. 9х9=81. Нэгж агуулгыг дотор нь гурав хуваан ангилсан болно.

ОРШИЛ-ТАНИХУЙ

ӨРНӨЛ-ТЭСЭХҮЙ

ТӨГСГӨЛ-ТЭМҮҮЛЭХҮЙ”

Номын эхний хуудсыг нээхүй “Хүн байхын утга учрыг ойлгох гэж Хүсэл бүхнээ өвөртлөн ирлээ” хэмээв. Хүмүүн болж төрөх ховорхон утга учрын тухай үл нуршин өгүүлж эхэллээ. Харин сүүлийн хуудас дээрх шүлэгт “… Хүн байхын утга учрыг ойлгож амжилгүйгээр Хүсэл бүхэндээ харамсал тээж явлаа” гэжээ. Үнэхээр л олон зүйлд төөрч, будилсан одоо цагийн бид юу хүсэж, түүндээ хэрхэн тэмүүлж байгаагаа ч мэдэрч амжилгүй одох нь олонтаа. “Ирлээ”, “Явлаа” гэх хоёр үг ч бүх утгыг багтааж болох хэр нь мөр, шад болгон тайлбарлаж, шүлгийн айзам нэмснээр эл ном амилжээ.

Ном гэгч ийм нэгэн агуу зүйл. Хүмүүний төрөхөөс үхэх хүртэлх орон зай, цаг хугацаа, мэдрэмж мэдрэхүй бүхнийг ес есөөр шадлажээ. Ингэхдээ зүгээр нэг хураангуйлан тооцоод, нэг хавтаст багтаасан хэрэг биш гэдгийг уншиж үзэхүл та ойлгоно биз ээ.

Буддын сургаал, гүн ухаан, математик бас бус өөр шинжлэх ухаанууд, амьдрахуйн мэдрэмжүүд та бидний цаг хугацааны нугалаа бүрд бий. Энэ номд ч бий. Гэхдээ тэр бүхнээс сэрж мэдрэх, ухаарах, тайвшрах, хүлцэх нь ховор гэлтэй.

Энэхүү номыг та нэгэнтээ уншиж дуусахад аягатай кофе тань хөрсөн бол дахиад аягалаарай. Учир нь дахин нэг эргэцүүлмээр, дахин нэг тогтоомоор санагдах вий. Амьдрал ч угтаа яг тийм. Хорвоо ертөнцөд анх мэндлээд, амьсгалсан агаар, танин мэдсэн сонин содон бүхэн. Холбоо хамаарал бүхий юмсыг мэдэрч эхэлсэн нас, дурсамж.

Тэвчиж туулж гарах, баярлаж инээж угтах олон гоё учрал. Харамсаж, бодлогоширч, тэмүүлж, хайрлаж хүлээх хамгийн сүүлийн мөч. Ингээд анх харсан тэнгэрээ сүүлийн удаа хараад ямархан тансаг, ямархан утга учрын дундуур туучин гарснаа бодох. Амьдрал яг л ийм буй.

Он цагийн урсгал
Үдлээд өнгөрөх юмс бүхнийг
Үргэлж байх мэт итгүүлэх
Цаг хугацаа
Эргэх агшин бүрийн урсгалд
Энэ биеэс бүгд холдож, ойртох
Цаг хугацаа
Хормын өмнөх би
Хормын дараах би хоёрын
Хамаарал харьцуулалт тэнцүү биш
Цаг хугацаа
Давтамж эрчлээсийг ээрэх
Дан ганц зүйл
Цаг хугацаа
Гурван цагийн урсгалд
Гудайн бөхийн явж болохгүй
Сэмэр сэглэгдсэн
Сэтгэлийн өвдөлтийг
Сэргээх ганц жор
Цаг хугацаа

Утга агуулгыг нэг бүрчлэн тоочихгүйгээр ингээд үлдээх нь зүйн хэрэг. Харин энэ номын хэлбэр хийц, дизайн нэлээн өвөрмөц. Ном хэмээн хүндэтгэн хавтасны гадуур дахин баринтаг хийжээ. Ойрын хугацаанд харагдаж үзэгдээгүй эд гэдэг л энэ байх.

Хамгийн агуу их цаг хугацааг багтаасан ном болохуйд хамгийн энгийн даруу баринтаг хийсэн нь ч учиртай. Энгийн харагдах бүхэнд ч элээж буй цаг хугацаа, утга учир гэж бий.

Баринтгийг сөхвөл номоос гадна нар зөв дараалуулсан хүрд бүхий хуурцаг харагдана. Энэ нь хөгжмийн зохиолч Х.Анхбаярын тус номын шүлгүүдэд зориулж бүтээсэн аяз юм. Шүлгүүдийн нэрээр аяыг нь нэрлэсэн бөгөөд аливаа зүйлд зориулж хийсэн бүхэн л яг цав таардгийн жишээ энэ буй.

Уншигч таныг энэхүү хосолсон бүтээлийг хүртэж, тархи оюунаа хэсэгхэн баясгахыг хүсье. Хоромхон амсхийх зуурт ч асар их орон зай, цаг хугацаа багтаж болдгийг та энэхүү номоос мэдэрнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу