Мэргэжлийн бокст 7-0 гэсэн амжилттай яваа гавьяат тамирчин Э.Цэндбаатар ээлжит тулааныхаа товыг зарлажээ. Тодруулбал, ирэх арванхоёрдугаар сарын 16-нд АНУ-ын Нью-Йорк хотын “Сони Холл”-д Доминиканы боксчин Иохан Васкүйзтэй тулалдахаар болжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард яг энэхүү ордонд Мексикийн Валенсиа Меркадог буулган авч, замналыхаа долоо дахь ялалтыг авч байсан юм. Найман үед илүүрхсэн манай тулаанч Э.Цэндбаатар “Broadway Boxing” холбооны 59кг жингийн аваргын бүсийг зүүж байсан юм. Тэрбээр долоон ялалтынхаа гурвыг нь хүнд цохилтоор буулган авчээ. Түүний хувьд 2018 онд мэргэжлийн бокст хөл тавьсан бөгөөд анхны тулаанаа 2018 оны есдүгээр сарын 13-нд хийж байсан юм.

Тэгвэл түүний өрсөлдөгч Васкүйз өдгөө 29 настай бөгөөд 2012 оноос мэргэжлийн бокст хөл тавьжээ. Улмаар тухайн оныхоо долдугаар сард анхны тулаанаа хийсэн байна. Замналдаа 29 тулаан хийхдээ 25-д нь ялж, дөрөв ялагджээ. 25 ялалтынхаа 20-ыг нь КО буюу хүнд цохилтоор буулган авсан аж. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу