Нийтийн тээврийн 600 автобус худалдан авах тендерийн материалыг өнөөдөр (2023.11.24/) задаллаа. Тендерт таван компани материалаа ирүүлжээ. 

Тендерийн үнэлгээний хорооны дарга Ү.Ганболд “Нийслэлийн нийтийн тээврийн газраас зарласан нийтийн тээврийн автобус худалдан авах гэрээг цуцалсан. Үүнтэй холбогдуулан 2023 онд Улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг баталж, НЗТГ-т худалдан авах ажиллагааны эрхийг шилжүүлсэн. Энэ захирамжийн дагуу НЗДТГ-ын шийдвэрээр үнэлгээний хороо байгуулагдсан. Үнэлгээний хороо 2023.10.24-нд зарлаж, өнөөдөр (2023.11.24) нээж байна. 

Өнгөрсөн хугацаанд тендерт оролцогч этгээдүүдээс ирүүлсэн 20 тодруулгад хариу өгч ажилласан” гэлээ. Тендерт нийт таван компаниас санал ирсэн байна. Үүнд, 

  • Майнс ап (Тендерийн үнэ – 178 тэрбум төгрөг)
  • Xiamen King Long United Automotive (Тендерийн үнэ – 147 тэрбум төгрөг)
  • Yutong Bus (Тендерийн үнэ – 165 тэрбум төгрөг)
  • Xiamen Golden Dragon Bus (Тендерийн үнэ – 156 тэрбум төгрөг)
  • China North Vehicle (Тендерийн үнэ – 52 сая төгрөг) (Тендерийн баталгаа ирүүлээгүй)

Тус үнэлгээний хороо тендерийн баримт бичиг боловсруулж, нээх үүрэгтэйгээр байгуулагджээ. Тиймээс ажил нь үүгээр дуусаж буй аж. Дараагийн үнэлгээний хороо Нийслэлийн худалдан авах газраас байгуулагдах аж. 

Үүний дараа Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Он дуусахаас өмнө эхний 300 гаруй автобусыг оруулж ирэхээр төлөвлөн ажиллаж байна. Үлдсэн автобусуудыг 2024 оны эхний улиралд багтаан оруулж ирнэ. Автобус худалдаж авснаар нийтийн тээврийн парк шинэчлэл хийгдээд дуусаж байгаа гэсэн үг биш.

Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулахад маш олон хүчин зүйл нөлөөлнө. Тухайлбал, жолооч нарын соёл, харилцаа хандлагыг дээшлүүлэх асуудал иргэдийн дунд яригддаг. Үүнд нь шаардлага тавихаар ажлаа орхиод явчихдаг. Энэ нь тэдний цалин бага байгаагаас болж буй талаар шүүмжлэл бий. Тиймээс жолооч нарын цалинг тодорхой хэмжээнд нэмэхээр болсон” хэмээн хэллээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ:

             

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу