Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канел өнгөрсөн Пүрэв гарагийн үдээс хойш Гавана хотноо болсон Палестиныг дэмжсэн жагсаалыг удирдан зохион байгуулжээ. Жагсагчид Кубын Гадаад хэргийн яамны байрнаас АНУ-ын ЭСЯ-ны дэргэдэх Малеконы далан дагуу, “Nacional” зочид буудал хүртэл Палестиныг дэмжиж буйгаа илэрхийлэн алхсан байна.

Жагсагчид Газын зурвас дахь дайсагналцлыг зогсоохыг шаардсан, Израилийг буруушаасан утга бүхий уриа лоозонгууд барьжээ. Кубын эрх баригчдын мэдээлснээр, жагсаалд 100 мянга орчим хүн оролцсон байна.

Диас-Канел X (хуучнаар Twitter) нийгмийн сүлжээнд “Өнөөдөр бид Палестиныг дэмжиж, Гавана дахь Кубын залуучуудын жагсаалд оролцож байна. Бидний зүрх сэтгэл, бидний үйл ажиллагаа үргэлж Палестинтай хамт байх болно. АНУ-ын нээлттэй дэмжлэгтэйгээр Израилийн үйлдсэн геноцид бүрмөсөн зогсох болтугай” гэж бичжээ.

Кубын Гадаад хэргийн дэд сайд Жерардо Пенальвер Портал өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэхдээ Ойрхи Дорнодод явуулж буй үйлдлийнхээ төлөө Израиль ял шийтгэлгүй үлдэж буйн хариуцлагыг АНУ хүлээх ёстойг онцолсон байна.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу