Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг “найман ишигний” гэх хэрэгт холбогдуулан шууд яллагдагчаар татжээ. Түүнийг “шүүхэд нөлөөлөхийг завдсан” хэмээн үзэж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гомдол гаргасан байна. Тиймээс сэтгүүлч Н.Өнөрцэцэг ард түмэн, хэвлэл мэдээллийнхнээс хамгаалалт, дэмжлэг хүсэж, Сүхбаатарын талбайд мэдээлэл хийлээ. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Өнгөрсөн хугацаанд би хангалттай шалгагдаж ирсэн. Энэ удаад шууд яллагдагчаар татагдсанд үнэхээр тэсэж чадахгүй нь. Анх удаа ард түмнээсээ тусламж гуйж байна. Таван жил хууль хяналтын байгууллагаас салсангүй. “Үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн, цэрэг цагдаагийн нэр хүндэд халдсан гэх асуудлаар намайг шалгана” гэсэн сүрдүүлэг ирж байна. 

Дуу хоолойг минь “хумих” гэж оролдож байна. Сэтгүүлч чимээгүй болчихвол ард түмэн юу ч мэдэхгүй өнгөрнө. Боловсролын зээлийн сан, Хөгжлийн банк, Нүүрсний хэрэг, цэргийн асуудал гэх мэт юу ч мэдэхгүй өнгөрөх байсан. Одоо гомдож байна. 

Энхбаяр сайд гарч ирснээсээ хойш сэтгүүлчдийг чимээгүй болгох ажлыг төрөл бүрээр хийж байна шүү дээ. Ардын дайсан юм шиг үйлдэл гаргаж байна. Үзэл бодлоо илэрхийлж байгаа хүн болгоныг хорих, яллах гэж байгаа юм. Маш олон дарамт шахалт ирж байсан. Сүүлдээ дийлэхгүй болохоороо хуулиар шахаж боож үзэж байна.

Хэнийг ч, юу ч хэлүүлэхгүй байх л арга бодож байна. Сүүлдээ намайг тагнуулын хэргээр шалгах гэж сүрдүүлж байна. Тиймээс асуудал байгаа хүмүүс талбай дээр ирж, асуудлаа ярья. Нэг нэгээрээ ярихаараа нухчин даруулах гээд байна. Бөөнөөрөө, хамтдаа асуудлаа ярья” гэлээ.

А.САЙХАН 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу