УИХ-ын чуулганы Баасан гарагийн (2023.11.24) нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.ЗанданшатарИргэн Раднаабазарын Цэндсүрэн “Цалинтай ээж гэж нэрлэгдэж буй 50.000 төгрөгийг нэмэхийг Та дэмжиж байна уу” гэсэн гарчигтай цахим өргөдлийг D-өргөдөл системд гаргасан. Энэ нь 100.000-аас дээш иргэний санал авсныг танилцуулж байна.

Өргөдлийн агуулга нь “цалинтай” гэж нэрлэсэн хэрнээ 50 мянган төгрөг нь юунд ч хүрдэггүй. Нэг бол нэрийг нь солих хэрэгтэй. Эсхүл үнийн дүнг нь нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн байна. 

Үүнээс гадна нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувь хэмжээг нэмэх, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг өөрчлөх гэсэн хоёр өргөдөл гаргасан.  

Эдгээр нь татварын цогц шинэчлэл хийх ажлын эхлэл болж, УИХ, Засгийн газар уг асуудлаар хамтран ажиллаж байна. УИХ-аас ажлын хэсэг гаргасан. 

УИХ-ын даргын захирамжаар 2023 оны хоёрдугаар сарын 17-нд татварын цогц шинэчлэлийн асуудлыг нарийвчлан судалж, дүгнэлт шинжилгээ хийн хаврын чуулганд багтааж танилцуулахыг үүрэг болгосон ч хэрэгжүүлээгүй байсан. Тиймээс энэ ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж байна. 

100 мянгаас дээш иргэний санал авсан гурван өргөдөл бол нэг талаас төрийн санхүүгийн бодлогыг шинэчлэх эрс шинэчлэлийн эхлэл болох ёстой. Иргэдийн бодит орлого, ажлын байр, ахуй амьдралыг дээшлүүлсэн бодлогыг төр засаг гаргах болсон гэдэг нь тодорхой байна. Халамжийн бодлогыг ч цэгцтэй, тодорхой болгох ёстой” гэлээ. 

Үүний дараа УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Улаанбаатар хотын утаа болон сайжруулсан шахмал түлшний талаар” тавьсан асуулгын хариуг танилцуулав.

Тэрбээр “Асуулга1. Улаанбаатар хотын агаарын чанар автомашин, гэр хороолол, орон сууцны хороолол, үйлдвэрүүдийн агаар бохирдуулагчийг автомат багажаар тодорхойлж байна. 2022-2023 оны халаалтын улиралд PM2.5 тоосонцрын агууламж 65 микрограмм метр куб, PM10 тоосонцрын дундаж агууламж 107 микрограмм байгаа нь Багануурын нүүрс түлж байх үеийнхтэй харьцуулахад 50 хувь бага байна.

Асуулга 2. Гэр хорооллын айлуудад цахилгаан халаагуур ашиглах техникийн боломж бүрдүүлэх ажлын хүрээнд агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 86.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2017-2019 онд Улаанбаатар хотын 41 мянган айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг хангаснаар айл өрхийн цахилгаан хангамж сайжирч, шугам сүлжээний алдагдал буурч, айл өрхүүд 4 КВт чадалтай цахилгаан халаагуураар гэр орноо халаах нөхцөл бүрдсэн.

Хоёрдугаарт, халаалтын зуух төвлөрсөн дулаанд холбох ажлын хүрээнд 2017-2020 онд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 236 халаалтын зуухыг зогсоож, 336 иргэний барилга обьетыг төвлөрсөн дулаанд холбосон.

Гуравдугаарт, цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт. 2017 оноос хойш агаарын чанар сайжруулах шаардлагатай бүсэд амьдарч байгаа гэр хорооллын хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний тарифт хөнгөлөлт үзүүлж, нэг сарын тарифаас дээш хэрэглэсэн тохиолдолд 50 хувиар хөнгөлж байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 318 дугаар тогтоолоор аймгийн төвүүд болон 10 мянгааш дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүс дэх хоёр тоолууртай айлуудын тарифын 50 хувийг хөнгөлөх заалттай.

Цахилгааны тарифын хөнгөлөлтөд улсын төсвөөс 2017-2022 онуудад өссөн дүнгээр 52.2 тэрбум төгрөг зарцуулсан. 2023 оны хүлээгдэж байгаа дүнгээр гүйцэтгэл 85.8 тэрбум төгрөг болохоор байна. 

Асуулга 3. Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Иргэдийг угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлж, хяналт тавих, яндан зуухны засвар үйлчилгээ үзүүлэх заавар зөвлөмж өгч ажиллах хэрэглэгчдээс ирж байгаа гомдол саналыг хүлээн авах зорилготой хэрэглэгчдэд үйлчлэх төв ажиллаж байна.

Тус төвөөс долоон дүүргийн гэр хорооллын 182 мянган өрхөөс зуухны судалгаа авахад 127 мянга нь чанарын шаардлага хангахгүй зуухтай байгаа нь угаарын хийд иргэд өртөх гол шалтгаан болж байна. Угаарын хийн хордлогод:

-2019 онд- 2780

-2020 онд- 786

-2021 онд- 426

-2022 онд- 256 иргэн өртсөн байна. 

Тавантолгой түлш ХХК нь 2018-2022 онуудад сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн төсөлд, Эрдэнэс тавантолгой ХК болон БОАЖЯ-наас нийт 826.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан бөгөөд 236.9 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад, 586.7 тэрбум төгрөгийг үндсэн үйл ажиллагааны зардалд зарцуулсан. “Тавантолгой түлш” ХХК зүүн бүсийн үйлдвэрт өргөтгөл шинэчлэл хийж, үйлдвэрийн хоёр шугамын хүчин чадлыг нэмэгдүүлснээр нэг тонн түлшний үнэ 30 мянган төгрөгөөр буурна” хэмээв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу