Боловсролын амжилтаар дэлхийд тэргүүлэгч Финланд улсын “Eduten” математикийн сургалтыг дэмжих платформыг Монгол Улс 2022-2023 оны хичээлийн жилд амжилттай туршаад буй юм. Туршилтад нийслэл, аймаг, сумын есөн сургуулийн 15 бүлгийн 520 сурагч хамрагдсан байна. Финландын экспертүүд энэ зун Монгол Улсад ажиллаж, туршилтын үр дүнг нэгтгэн, тайлан мэдээллийг БШУЯ-нд хүлээлгэн өгчээ.

Салбар яамнаас ерөнхий боловсролын сургуулийн математикийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих “Eduten” платформ амжилттай хэрэгжиж байгаа талаар мэдээлсэн. Энэхүү платформыг зорилтот сургуулиуд сургалтдаа идэвхтэй хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар 3, 4 дүгээр ангийн суралцагчид нийт 6.959.827 даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн байна.

Түүнчлэн тус платформыг хэрэгжүүлснээр суралцагчид хэрэгцээндээ тохирсон даалгаврыг гүйцэтгэж буй бөгөөд сурах идэвхийг нь нэмэгдүүлж байгаа аж. Мөн эцэг, эх, асран хамгаалагчдын хувьд хүүхдийн цахим хэрэглээг хянах, зохицуулах боломж нээлттэй байгаагаараа давуу талтай юм байна. Тус платформыг арваннэгдүгээр сарын 13-наас сургалтад нэвтрүүлжээ.

“Eduten” платформ нь математикийг айх айдасгүйгээр тоглоомын аргаар ойлгож авах, нэг бодлогыг олон аргаар бодож, асуудал шийдвэрлэх чадварт бие даан суралцдаг, хүүхдийг өөрөө суралцахуйн процессоо удирдах боломжтой болгохоос гадна багшийн хэрэглэгдэхүүн бэлдэх, анализ боловсруулах ажлын ачааллыг хөнгөлж, сурагчдын суралцах явцын тоон мэдээллийг шууд харуулдгаараа онцлогтой.

Тус платформ нь хиймэл оюун ухаанд суурилсан байдлаар боловсруулсан 200 мянга гаруй математикийн дасгал, даалгаврын сантай. Багш нарын ажлын ачааллыг бууруулах, математикийн хичээлийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх ач холбогдолтой ухаалаг систем юм.

Улмаар ЮНЕСКО-гийн хиймэл оюун ухаанаар дамжуулж боловсролыг дэмжих шилдэг туршлагыг нэвтрүүлсэн бүтээлд олгодог “Боловсролын төлөөх ICT” шагналыг 2020 онд, ЮНИСЕФ-ийн “Онцлох Edtech” шагналыг 2022 онд тус тус хүртсэн.

Монгол Улс мөн Финланд улсын математикийн хичээлийн EduTen платформоос гадна PEARSON англи хэлний платформ, Google компанитай мэдээллийн технологийн чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлж байгаа юм.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу