ОХУ-ын Соёлын яамны хэвлэлийн албанаас “Монгол Улсын Соёлын сайд Чинбатын Номин, ОХУ-ын Соёлын сайд Ольга Любимова нар Санкт-Петербург хотноо уулзаж, Эрмитажид хадгалагдаж буй, Зөвлөлтийн археологичдын олж илрүүлсэн, Монголын түүхийн олдворуудыг буцаан шилжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ” гэж мэдээлэв.

Тус яамны хэвлэлийн мэдээнд “Чинбатын Номин Санкт-Петербургт ОХУ-ын Соёлын сайд Ольга Любимоватай уулзахдаа 1924-1925 онд Ноён уулын оршуулгын газраас Зөвлөлтийн археологич Петр Козловоор ахлуулсан экспедицийн олсон түүхийн олдворуудыг буцаан олгох асуудлыг хэлэлцлээ” гэж дурдсан байна.

ОХУ-ын Соёлын яамны мэдээлэлд “Ч.Номин сайдын хэлснээр, “Монгол Улсын соёлын өв” төрийн хөтөлбөрийн хүрээнд дэлхийн өнцөг булан бүрээс эх орныхоо түүх, соёлын өвийн дурсгалын хуулбарыг эрж, хайх ажил үргэлжилж байгаа аж.

Энэхүү хөтөлбөрт ОХУ онцгой байр суурь эзэлж буй бөгөөд Монголын түүхийн олон олдвор, баримт бичиг Эрмитаж музейд хадгалагдаж байна.

Энэ хүрээнд Монгол Улс, ОХУ-ын Соёлын сайд нар Эрмитажид хадгалагдаж буй Ноён уулын олдворуудыг эх оронд нь буцаах, Монголын музейд дэлгэн үзүүлэх, хадгалагдан үлдсэн үзмэрүүдийн хуулбарыг олж чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа” гэж тэмдэглэсэн байна.

Зөвлөлтийн эрдэмтэн Петр Козловоор ахлуулсан экспедици 1924-1925 онд Монголын хойд хэсэгт орших Ноён ууланд хиргисүүрийн малтлага хийсний дүнд олсон олдворууд нь ХХ зууны эхний хагасын археологийн хамгийн чухал олдворуудын нэгд тооцогддог.

ЗХУ-ын эрдэмтэд хээрийн судалгааны явцад Хүннүгийн үеийн, эртний хэдэн мянган хосгүй олдвор олж илрүүлжээ. Өдгөө дээрх олдворуудын дийлэнх Эрмитажийн Дорно дахины тэнхимийн сан хөмрөгт, зарим хэсэг нь Монголын Үндэсний музейд хадгалагдаж буй юм.

Эх сурвалж: TASS, ASIA RUSSIA DAILY
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу