МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Минжинсайханы “Сэтгэл чамайг таньсан ч билүү” тоглолт энэ сарын 24-нд боллоо. Яруу найраг, дуу хуур өвлийн тэнгэрт цуурайтсан нэгэн оройг ийнхүү зураглав.

“Улаанбаатар палас“-ын үзэгчдийн суудал нэгэнтээ дүүрч нижигнэсэн алга ташилтаар тоглолт эхэллээ. Хүлээлт алдан алга ташсан явдал биш бөгөөд хөтлөгч гарч ирэхтэй зэрэгцэн ийнхүү нижигнэсэн хэрэг. Ийм нэгэн хүлээлт байсан нь харагдана. Тэд дуу хуурыг, яруу найргийг, утга уянгыг хүлээж байжээ. Тэр тусмаа шүлгийг нандигнаж, сэтгэлийг эвлээж бичдэг түүний бүтээл олон түмний сонорт хүрээд олон жилийг элээжээ.

Монголын Үндэсний номын сангийн захирал, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо уг бие даасан анхны тоглолтыг хөтлөв. Энэ мэдээж хүндлэл. Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн шавь Н.Минжинсайхан олон арван дууны шүлэг зохиосон нь ард түмний чихэнд, зүрхэнд хоногшсон нь илт.

Тоглолт “Тайхарын дуулал”-аар өндөр үүдээ нээлээ. Арын сайхан хангайн нэгэн бахархлыг шүлэглэн амилуулсан нь үзэгч олонд тун таалагдав бололтой. Аль хэдийнэ дээлтэй нь дээлээ сугалдаргалж, малгайтай нь малгайгаа авч орхижээ. Цас хаялсан хүйтэн орой энэ үдшийг зорьж ирсэн хэн бүхэн жавар дагуулан орж ирсэн ч аль эрт хүйтэн сэрүүн бүхэн халиран одов. Мөн удалгүй “Дүүрэн дэлгэр хангай” хэмээх нэгэн цоо шинэ бүтээлийг МУСТА С.Баттулга дуулав. МУУГЗ М.Булган аялгуу хөгийг нь тааруулсан энэ дуунд “Аавынхаа нутгийн захгүй хөврөх алс барааг аялгуутай сүлэн” сэтгэлээ шингээж дээ гэж бодогдоно. Түүний уран бүтээл, шүлэг найрагт эгэлхэн гоо бүхний агуулга оршиж, уянга эгшиг амтагддагийг ойр дотнынхон нь ярилцана.  Монголчуудад ийм үдэш, ийм намуухан цаг мөч хэрэгтэй байж дээ. Өдөр, оройгүй зүтгэн байгаа аж амьдралынх нь дунд гэгээн бүхэн үүрд оршин буйг мэдэрсэн болов уу.

Түүний туурвиж бүтээсэн олон дуунаас энэ үдэш тоотой хэд нь олонд хүрсэн боловч үдшийн хязгаарыг давж, арван хоёр цагт өндөрлөсөн билээ. “Хайрын дээд ээждээ”  гэх уран бүтээлд “Гэтэл би таныгаа дүүрэн хайрлаж чадаа болов уу, Гэнэ гэнэхэн бодох юм, хайрын дээд ээж минь”  хэмээн дуулах аж. Хэн бүхний дотор ийм нэгэн бодол үргэлж оршин байдаг биз ээ.

Алга ташилтын дараа хэн нэгний санаа алдалт бүдэгхэн сонсогдоно. Хажууханд суусан ах хүү дууны дараа сэм санаа алдаад, толгойгоо илж билээ. Түүнд ээжийгээ санах олон өдөр байсан ч дотроо чагнаж, дурсамжаа санасан өдөр цөөхөн ч байсан байж мэдэх шүү дээ. Дурсамж, дурдатгал хайр мэдрүүлсэн дуу юм. Бидний хүрээлэн буй орчин, эд юмс, ажил хэргийн үй олон харилцаа бүхний ард ачийг нь хариулах туйлын гэнэ хүсэл байдаг.

“Зүрх шиг гэгээн хавраар Шувууд шиг ирсэн чи минь, Зүүд шиг тунгалаг намраар Нуураа битгий орхиорой”…

Тоглолт тэн хагастаа орлоо. Хайрын тухай догдлол дүүрэн, дурсамж дүүрэн бүтээлүүд ар араасаа хөвөрнө. Хүмүүний нүдэнд гэрэл мэдрэгдэж, харцанд нь инээмсэглэл тунарах сайхан зүйл бол “ХАЙР”. Н.Минжинсайхан найрагч “Торгон, торгон нулимстай дуулж л яваа чамайгаа, Санаад л, санаад л байна даа” хэмээн бичжээ. Энэ мөр, энэ эгшиг танхимыг нам гүмд автуулж, зөөлөн салхинд зуны модод найгалзах шиг үзэгч олон нааш цааш ганхана. Гадаа өвлийн орой, цагаан цас хаялж, хүйтэн жавар тачигнаж байгаа ч дуунд уяулсан сэтгэлдээ хэн бүхэн дулаахан байлаа.

Дууны бүтээлийн хэсэг өндөрлөж, яруу найргийн уншлага эхлэв. Эхэнд эл оройн эзэн найрагч гарч ирэхдээ “Хэзээ ч юм бэ, зүүдэлж байсан зүүд биелж байх шиг байна” хэмээн хэлээд, нүдэндээ цийлгэнэсэн баярын нулимсаа нэг их тоолгүй арчиж орхисон юм.

Тайзны утаа хөлийг нь зөөлөн ороож, толгойгоо үл мэдэг гудайлгасан чигтээ тэрбээр “Хамгийн цаад зорилго нь ижий, аав хоёроо баярлуулах гэсэн юм” гэж хэлээд, ээжийнхээ сууж буй чигт хараа чилээж байв. Зорин ирсэн хэн бүхэнд эх хүүгийн энэ нандин холбоо мэдрэгдсэн гэдэгт эргэлзэхгүй байна.

Хэсэг тасралтгүй нижигнэсэн алга ташилтын дараа Ардын уран зохиолч Т.Галсан гуай гарч ирлээ. Түүний хэлэхийг хэн бүхэн чагнан, чимээ аниргүй болохуйд “Саяны энэ хүүг харав уу?” гэх нь тэр. Үзэгчид нирхийтэл инээлдэж дуусахад Н.Минжинсайхан найрагчийн багш Д.Пүрэвдорж агсны тухай хоржоонтой, хөгжөөнтэй дурдатгалаа хуваалцлаа.

Багшийнх нь хэлсэн үгнээс иш татан “Сэгс цагаан богдын өвөр бэлээр бэлчиж яваа хавтгайнаас есөн атыг зүсэллээ. Олж аваарай миний хүү” хэмээн хошигнолоо. Хэзээний түүний үгийн уран, утгын барагдашгүй яриаг монгол түмэн мэдэх билээ. Н.Минжинсайхан найрагч Ардын уран зохиолчийн зүүн мөрнөөс адис аваад, тайзны ар руу орцгоолоо.

Тоглолтод мялаалга болгож шүлэг уншихын оронд Хөдөлмөрийн баатар, МУСГЗ Б.Шаравын аялгуу хийсэн “Аав, ээж хоёр минь” гэх уран бүтээлээр хадаг өргөлөө. Энэ дуу дэлхийн хэдэн арван улсад дуулагдаж, гайхагдаж байгаа билээ. Монгол яруу найраг, монгол аялгуу дэлхийн зүрхийг уярааж, түмний сэтгэлийг цэнгүүлэх увдистай гэдэгт сэтгүүлч би итгэнэм.

Үргэлжлүүлэн Төрийн шагналт, яруу найрагч Х.Чилаажав, Төрийн соёрхолт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ц.Бавуудорж, Б.Галсансүх зэрэг олон найрагч шүлэг яруу найргаа уншиж толилууллаа. Эл үдшийн уянга энэ хэсэгт байсан юм.

Яруу найрагт хайртай олон цуглаж, үл үргэн чагнаж суугааг харах шиг сайхан зүйл байсангүй. Зөөлөн саарал утаа суунагласан тайзнаас шүлэг яруу найргийн шувууд нисэлдэн, энд тэндгүй анир гүмийг түгээж байлаа. Энд сайхныг чагнаж дуусаад, гарч одлоо ч сэтгэл даарахгүй харина гэдэг үнэн биз ээ.

Н.Минжинсайхан яруу найрагчийн авьяас, хичээл зүтгэл ийм нэгэн дулаан оройг бүтээж, үзэгч олноор цэгнүүлэн гарч одох нь улаан балаар таван хошуу тавиулсан шиг үнэ цэнтэй.

“Сэтгэл чамайг таньсан ч бил үү” хэмээх дууны нэрээр нэрлэгдсэн тоглолтын нэгэн орой аялгуу эгшгээр дүүрэн байсаар хөшгөө хаасан тул үүнээс цааш бичилгүй үлдээлээ. Яруу найрагч Н.Минжинсайхан таныг Янжинлхам бурхан үргэлжилж ивээг.

Г.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу