Шинэ жилийн баяраар хамгийн их орлоготой ажилладаг хүмүүс бол урлагийнхан. Эрэлт ихсэхийн хэрээр тэдний үнэ, хөлс өсдөг. Арванхоёрдугаар сар гараагүй байхад тэдний захиалга хэдийнэ “дуусчээ”. Шинэ жилийн баяраар тэд ямар үнэ, ханштайгаар хөтөлж, дуулж буй талаарх мэдээллийг хүргэе. 

I. ОЛНЫ ТАНИЛ ХӨТЛӨГЧИД НЭГ ШИНЭ ЖИЛИЙГ 4-6 САЯ ТӨГРӨГӨӨР ХӨТӨЛНӨ

Баярыг хөгжилтэй, цэгцтэй явуулахын тулд хөтлөгч хэрэгтэй болдог билээ. Тэдний үнэ, хөлсийг судалж үзэхэд Э.Цолмонбаяр, Э.Ууганбаяр нар 6 сая, жүжигчин О.Тэмүүжин, Т.Бархүү нар 5 сая, хөтлөгч Б.Болд, жүжигчин Г.Алтаншагай нар 4 сая төгрөгөөр шинэ жилийн арга хэмжээг хөтлөх ажээ. 

Өнгөрсөн 2022 онд Э.Цолмонбаяр, Э.Ууганбаяр нар 5 сая төгрөгөөр хөтөлж байжээ. Харин О.Тэмүүжин, Г.Алтаншагай нар гурван сая төгрөгөөр хөтөлж байсан юм.

II. ДУУЧИД ШИНЭ ЖИЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД ӨМНӨХ ЖИЛИЙНХЭЭ ҮНЭЭР ДУУЛНА

МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа нар тус бүр хоёр дууг 5 сая төгрөгөөр дуулах гэнэ. Харин “Киви”-ийн Ука буюу СТА, дуучин Д.Уламбаяр хоёр дууг 4 сая төгрөгөөр дуулах юм байна.  Дуучин С.Зоригт, А.Хишигдалай нар 2-3 дууг 4 сая төгрөгөөр, Сүүлийн үед эрчээ авч буй залуу уран бүтээлчдээс Ц.Мөнхбаяр буюу Seryoja 2-3 дууг 4 сая 500 мянгаар, Ч.Мишээл 3 саяар дуулах аж.

Репперүүдээс ThunderZ буюу Б.Өлзий-Учрал 4 саяар,  Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ 5 саяар, Rookie буюу У.Мөнхбагана 2 сая 500 мянгаар,Young Mo’G буюу Э.Мөнх-Эрдэнэ 1 сая 500 мянган төгрөгөөр шинэ жилийн арга хэмжээнд дуулах юм байна. Хөтлөгчдийн үнэ өмнөх жилийнхээс нэг сая төгрөгөөр өссөн бол дуучдынх өсөөгүй ажээ. 

III. БАЙГУУЛЛАГА ДОТРООСОО УРЛАГИЙН ҮЗҮҮЛБЭР ГАРГАХ АЖИЛТНУУДАД ТААГҮЙ БАЙДАГ НЬ СУДАЛГААГААР НОТЛОГДЖЭЭ 

Урлагийнхны дээрх үнэ ханштай байгааг сонссон иргэдийн зарим нь байгууллагын ажилчид дундаасаа дуулж, хөтөлж, хэмнэсэн мөнгөөрөө ажилчдаа шагнах хэрэгтэй хэмээж буй. Байгууллагын ажилчдаараа урлагийн үзүүлбэр бэлдүүлэх ажилтнуудад нь таагүй байдаг нь судалгаагаар гарчээ. 

Тодруулбал, “HR Consulting FIRM” хүний нөөцийн менежментийн компани 2100 хүнээс судалгаа авчээ. Ингэхдээ “”Байгууллагаас зохион байгуулж байсан ямар үйл ажиллагаа таагүй байдаг вэ” хэмээн асуусан байна. Үүнд 571 хүн “Амралтын өдрөөр зохион байгуулдаг бүх төрлийн арга хэмжээ таагүй санагддаг” хэмээн хариулсан бол 281 хүн “Шинэ жилээр урлагийн үзүүлбэр бэлдэх нь таагүй санагддаг” гэсэн байна. Мөн 254 хүн “Монита зохиох нь таагүй байдаг” гэжээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу