“Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулган яг одоо (2023.03.10) болж байна. Чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд оролцож, илтгэл тавьж буй.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан орон нутаг руу шилжсэн аж ахуйн нэгж болон иргэдэд хөнгөлөлттэй зээл олгох талаар мэдээлэл хүргэлээ. 

Тэрбээр “Улаанбаатар хотод иргэд ядууралд өртөх магадлал 16 хувь байхад хөдөө орон нутагт бараг хоёр дахин их буюу 26 хувьтай байна.

Энэ жил бид татварын гурван шинэ бодлого оруулсан. Энэ жилийн татварын бодлого Улаанбаатар хотын төвлөрлийг задлах тал руу чиглэсэн. Орон нутагт шинээр барилга байгууламж барьж байгаа тохиолдолд дэмжинэ. Халамж биш баялаг бүтээгч нарыгаа дэмжсэн бодлого барина.

Мөн нийслэлээс үйлдвэр, агуулахаа орон нутаг руу шилжүүлсэн тохиолдолд гарч байгаа зардлыг 50 хувиар нэмэгдүүлж, татвараас чөлөөлнө.

Хөдөө орон нутагт ажил хайгчийг ажилд авсан бол тухайн ажилтны цалинг 20 хувиар нэмэгдүүлж, татвараас тодорхой хэмжээгээр чөлөөлнө.

Улаанбаатараас орон нутаг руу шилжин очиж байгаа аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн хүүтэй 500 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно.

Орон нутагт шилжин ажиллаж байгаа болон өмнө нь ипотекийн зээл авч байгаагүй орон нутгийн иргэдэд 100 сая хүртэлх төгрөгийн гурван хувийн хүүтэй ипотекийн зээл олгоно. 

Гурван хувийн хүүтэй зээлийн тухайд ирэх долоо хоногоос гэрээг банкуудтай баталгаажуулаад, хэрэгжүүлж эхэлнэ.

Нэг хувийн хүүтэй зээлийг бол энэ нэгдүгээр улиралд багтаагаад эцэслээд, дөрөвдүгээр сараас хэрэгжүүлнэ” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу