“Нүүрс тойрсон нүгэлт хулгай илрэх эсэх нь цаг хугацааны асуудал” гэж байсан ч цаг хугацаа нь болоогүй болоод ч тэр үү, ямар нэгэн ахиц гарсангүй. Ахиц гарахгүй байна уу, гаргахгүй байна уу гэдэг нь өөрөө эргэлзээтэй болчихлоо.

АТГ-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир, Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, ЕТГ-ын дарга асан З.Энхболд, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан А.Ариунболд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, Х.Мандахбаяр нарын нэрсийг зарласан. Шалгаж байна уу, шалгагдаж байна уу, шахаанд орсон уу, шахаанд оруулсан уу ямартай ч усанд хаясан чулуу шиг сураг чимээ алдарсан.

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан нүүрсний хулгайн сонсголын ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуцаж байгаад Б.Энхбаярт ажлаа өгөөд одсон. Тиймээс Б.Энхбаяр нүүрсний хулгайн сонсголыг гардан удирдана. Хөгжлийн банкны сонсгол дээр хэн нэгэнд давуу байдал бий болгож байсан гэх хардлагад өртсөн ч анхны сонсголыг хийж чадсан гэдгээрээ тэр нэр бүтэн үлдэж чадсан.

Гэсэн ч Хөгжлийн банкны сонсголын үеэр Худалдаа хөгжлийн банк гэх мэтчилэн маш том бүлэглэлийг сонсголд оруулаагүй талаар улс төр болон хуулийн хүрээнд ярьдаг. Хэдэн зуун тэрбумаар зээл аваад алга болсон “сахал” Д.Эрдэнэбилэг нарыг урьж оролцуулалгүй жараахай хөөсөөр байгаад Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарыг “жаргаагаад” дууссан нь үнэн.

Ийм замаар, ийм зарчмаар нүүрсний сонсгол явуулбал хүлээх үр дүн даанч бага байна. Нүүрсний хулгайн хамгийн том төлөөлөл гэгдэх дээрээс өгсөн үүрэг даалгаврыг гүйцэлдүүлж ирсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нар л шүүх танхимд орж ирснээс бусад нь гадуур явж байна.

“Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнээс эхлэн хэрэг нь хаагдаж байгаа сураг дуулдах болов. Тэгвэл нүүрсний хулгайн хэрэгт холбогдогч нарыг Хөдөлмөрийн баатар, гавьяат цолоор шагнасан нүүрсний бүлэглэлийн том толгойлогч гэх Х.Баттулга өнөөдөр хулгайгаасаа айх бус, улс төрд нөлөөллөө тогтоохоор “Хөх Монголын Хөх туг” гээч фракциа хүчирхэгжүүлж, ирэх оны сонгуульд нам дотроо олон суудал авах хүчирхэг бүлэглэл бий болгохоор зүтгэж явна.

Хууль тогтоох байгууллагад хүчээ зузаатгаж чадвал хууль биш хүнийхээ олноор өөрийгөө хамгаалуулна гэж үзжээ. Тийм ч учраас нам доторх нанчилдаандаа нүүрсний мөнгийг цутгаж байна гэх явган яриа нам дотор нь бий болжээ.

Тиймээс нүүрс дагасан хамгийн том хулгайг хэн хаацайлж, хэн хамгаалж, хэн авч үлдэх вэ гэдгийг харцгаамаар байна. Тэр хамгаалагч, хаацайлагч, авч үлдэгч нь нүүрсний сонсголын ажлын хэсгийнхэн байх уу гэдэг нь бүр ч эргэлзээ дагуулж байгаа юм.

“Хулгай хар мөртэй” гэдэг. Нүүрс шиг хар мөртэй хулгай бүтэн жил тойрч байхад ямар ч ахицгүй байна гэдэг цагаан захтнууд, нүүрсний бүлэглэл, хуулийн хяналт шалгалт ямархуу байгааг харуулж буй биз ээ.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу