Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар тохижилт үйлчилгээний ажилчдын цалингийн талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Тохижилт үйлчилгээний ажилчид маань нийслэлчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө амаргүй ажлыг нугалж байна. Гэтэл 1м квадрат талбай цэвэрлэсэн үнэлэмж нь 50 төгрөг байна. Үүнийг өсгөж, хөдөлмөрийг нь бодитоор үнэлэх ёстой. Мөн шүүр, хүрзнээс нь салгах ажлууд эхэлсэн” хэмээсэн байна.

Улаанбаатар хотын хэмжээнд гудамж, зам талбайн цэвэрлэгээний нийт 14,033,508 ам метр талбай байгаагаас УБЗАА 7,833,508 ам метр, дүүргийн тохижилт, үйлчилгээний компаниуд ойролцоогоор 6,200,000 ам метр талбайг хариуцан ажилладаг.

Энэ оны байдлаар тохижилт, үйлчилгээний салбарт 1913 ажилтан, 460 тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мөн төвлөрсөн хогийн цэгт ирж буй хог хаягдлын хэмжээ 1380 тонн байгаа бөгөөд энэ тоо жилээс жилд нэмэгдэж буй.

Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын гол гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах хүрээнд УБЗАА-наас зам, талбайн цэвэрлэгээний бүсчлэлийг шинэчлэн боловсруулж, нээлттэй сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулжээ. Тус ажлын хүрээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний ажлын 97.7 хувийг хувийн хэвшилд бүрэн шилжүүлсэн байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу