Цагаан ордны эмч асан, конгрессмен Ронни Жексон өнгөрсөн Ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены танин мэдэхүйн чадвар муудсаны улмаас үүргээ биелүүлж чадахгүй, улс орныг бүхэлд нь эрсдэлд оруулж байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Fox News”-т өгсөн ярилцлагадаа “Байден бүрэн эрхийнхээ хугацаанд үнэхээр гайхмаар, илтэд доройтсон. Бид энэ хүнийг энэ бүрэн эрхийн хугацаанд төдийгүй дахин дөрвөн жилийн турш засгийн эрхэнд байлгах боломжгүй. Тэр биднийг маш их эрсдэлд оруулж байна” гэж дурджээ.

Жексон “Одоогийн ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй гэдгээ өдөр бүр нотлон харуулсаар байна” гэж тэмдэглэсэн байна. Тэрбээр “Түүний бие бялдар, танин мэдэхүйн чадвар муудаж, албан тушаал хаших боломжгүй болж байгаа бөгөөд ойр дотных нь хэн нэгэн улс орон аюулгүй байдлынхаа төлөө урагшлах хэрэгтэй гэдгийг түүнд ойлгуулах нь чухал” гэж нэмж хэлжээ.

Байден 2023 оны арваннэгдүгээр сард 81 нас хүрсэн. Тэрбээр сүүлийн үед олон нийтийн өмнө удаа дараа ихэд эвгүй байдалд орж, яриандаа янз бүрийн тайлбар хийдэг болсон билээ.

АНУ-ын төрийн тэргүүн өнгөрсөн дөрөвдүгээр сард 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээ зарласан. Хэрвээ дахин сонгогдвол тэрбээр 82 насандаа хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлэх юм.

Эх сурвалж: FOX NEWS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу