“ONDO” компанийг үүсгэн байгуулагчид хэрэглэгчдэдээ өөрсдийн эзэмшлийн хувиасаа бэлэг болгох тухайгаа зарлаж, хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр тус үүрэн телефоны интернэтийн доголдлын талаар “ONDO” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мандуул тайлбар өглөө. 

Тэрбээр “Улаанбаатар хотын зарим хэсэгт ачаалал ихсэх үед интернэтийн хурд удаашрах тохиолдол бий. Энэ бол бүх үүрэн телефонд тулгардаг асуудал. Инженер талаасаа харвал хийсэн зүйл хүндээ хүрээд, ачаалал нь ихсээд удааширч байгаа нь бахархмаар гомдлуудын нэг. Бид сүлжээний өргөтгөлийг цаг ямагт хийж байна.

Хэдий өвөл болсон ч Дархан, Эрдэнэт, Өмнөговь зэрэг дараагийн сүлжээ оруулах гэж буй газрууддаа шилэн кабелиудаа угсарч байна. Улаанбаатар хотын ачаалал ихтэй байгаа хэсгүүдэд тун удахгүй сүлжээний өргөтгөлүүд орно. Гэхдээ огт интернэтгүй болсон  тохиолдол байхгүй. Сүлжээ удаашрах үед ундууцсан хэрэглэгчдээсээ хүлцэл өчье.

Сүлжээ удааширсан тохиолдолд та аль цэгт байгаа болон интернэт хэр удаан байгааг бидэнд мэдэгдээрэй. Цаг тухай бүрт нь засахыг хичээнэ. Мөн давтамж гэж зүйл бий. Монголд улсын үүрэн телефоны таван операторт байгаа давтамжуудын хуваарилалтыг шалгаад үзээрэй. Давтамж гэдэг зүйл хязгаарлагдмал нөөц. Энэ нөөцийг Харилцаа холбооны зохицуулах хороо хэрхэн хуваарилсныг хараарай.

Уг нь үүрэн телефонуудад тэгш хуваарилж байж интернэтийн хурд тэгш хүрдэг юм. Бид тус хороонд давтамжаа авах хүсэлт өгсөн боловч эс үйлдэх буюу төрийн байгууллагууд нь бидний авах ёстой зүйлсийг цаг тухайд нь өгөхгүй байна.

Харилцаа холбооны асуудал мөн адил. Холбох ёстой зүйлийг холбохгүй байна. Шүүхийн захирамж нь хүртэл гарчихсан байхад эс үйлдэхүй хийгээд байна. Эдгээрийг ухаад үзвэл цаанаа эзэнтэй. Хэн нэгний ашиг сонирхол бий. 

Ирэх онд ONDO-гийн сүлжээ хүн ам төвлөрсөн бүх бүс нутагт орно” хэмээн ярилаа. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу