Алтны ханш долоо хоногийн дотор 1 хувиар өсч, мөнгөнийх есдүгээр сарын 1-нээс хойших хамгийн дээд цэгтээ хүрэв. Цагаан алт, палладийн үнэ хоёр долоо хоног дараалан өссөн бол ам.долларын ханш мөн хугацаанд буурчээ.

Өнгөрсөн Баасан гарагийн арилжаагаар алтны үнэ 2000 ам.доллар давж, хоёр долоо хоног дараалсан өсөлт үзүүлэв. Шар металлын үнэ өсөхөд ам.долларын ханш унасан нь нөлөөлж буй бөгөөд зах зээлд оролцогчид Холбооны нөөцийн сан (ХНС) бодлогын хүүгээ бууруулах нь тодорхой талаар мэдээлж байна.

Алтны ханшийг өсөхөд:

  • Алтны спот ханш: 0.7 хувиар өсөж, 2015 ам.долларт хүрсэн
  • Алтны фючерсийн ханш: 0.6 хувиар өсөж, 2015.8 ам.долларт хүрсэн
  • Долларын индекс: 0.1 хувиар унасан нь нөлөөлжээ.

Долоо хоногийн турш ам.долларын индекс 0.4 хувиар буурсан байна. ХНС ирэх оны тавдугаар сар гэхэд бодлогын хүүгээ бууруулж эхэлнэ гэсэн хүлээлт өсөн нэмэгдэж буй энэ үед хоёр дахь долоо хоногтоо индекс ийнхүү буурав.

“Commerzbank” хүүгийн анхны бууралтыг ирэх оны дундуур хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ үед алтны үнэ 2000 ам.доллараас дээш өсөх магадлалтай аж.

Арилжаачид ХНС хүүгээ арванхоёрдугаар сард хэвээр үлдээнэ гэж найдаж буй бөгөөд 2024 оны тавдугаар сард хүүгээ бууруулах магадлал 64 орчим хувьтай байна гэж төсөөлжээ.

“TD Securities”-ийн түүхий эдийн худалдааны стратегийн дарга Барт Мелек “Ирэх жилийн хугацаанд богино хугацаанд өсөх, буурах хөдөлгөөн төдийлөн харагдахгүй байгаа бөгөөд АНУ-ын төв банк инфляци 2 хувьд хүрэхээс өмнө хүүгээ мэдэгдэхүйц бууруулах хандлагатай байгаа нь улам бүр тодорхой боллоо” гэж хэлсэн байна.

Алтны хувьд бага хүү эерэг нөлөөтэй бөгөөд энэ нь уламжлалт найдвартай хөрөнгө боловч хөрөнгө оруулагчдад хувьцаа, ногдол ашиг авчирдаггүй, бонд зэрэг купоны төлбөр өгдөггүй.

Мөн мөнгөний ханш 2.7 хувиар өсч, унц нь 24.3 ам.доллар болж, 12 долоо хоногийн дээд түвшинд хүрсэн байна. Платины үнэ 1.6 хувиар өсч, 930.61 долла, палладийн ханш 2.2 хувиар өсч, 1068.83 ам.доллар болжээ. Эдгээр үнэт металлын үнэ хоёр дахь долоо хоногтоо дараалан өсөв.

Эх сурвалж: REUTERS, PROFINANCE
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу