УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо өнөөдөр (2023.11.27) хуралдлаа. Тус хуралдаанаар нүүрсний хэргийг хянан шалгах, нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын албан ёсны товыг зарлаж, холбогдох гэрчийн нэрийг зарлах асуудлыг хэлэлцсэн. Улмаар эхний сонсголыг арванхоёрдугаар сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд зохион байгуулахаар болж, дөрвөн асуудлын хүрээнд 175 хүнийг гэрчээр дуудахаар зарлалаа.

Гэрчийн дуудсан хүмүүсийн жагтаалтад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэр бичигджээ. Тэрбээр ямар асуудлаар гэрчээр дуудагдсан талаар тодруулахад Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий этгээд жижиг “Тавантолгой” компанитай нүүрсний гэрээ байгуулсан. Энэ асуудлаар түүнийг дуудаж байна” гэлээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр мэдээлэл хийж, “нүүрсний хулгай”-н гэх тодотголтой гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг зарласан билээ.

Д.Амарбаясгалан “Хуулийн хүрээнд зарим нэрсийг ил болгож байна. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд, Б.Ганхуяг, тус компанийн ажилтан Х.Нурлат, Б.Отгонжаргал гэсэн хүмүүс байна. Мөн төмөр замтай холбоотойгоор “Тавантолгой” төмөр замын захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал болон тус компанийн удирдах албан тушаалтнууд, тээвэртэй холбоотой хилээр нүүрс гаргаж байсан гэх гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр, н.Доржжүгдэр, Хил хамгаалах ерөнхий газрын н.Дэлгэржаргал нарыг шалгаж байна” хэмээн тодотгосон юм.

Мөн тэрбээр “2017 оноос хойш шалгагдаж байгаа 385 мянга гаруй тонн нүүрсний хэргийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшлийн талбайгаас жижиг “Тавантолгой” компани олборлолт хийж, нэг ёсондоо өөрийнхөө талбайгаас хэтрүүлэн авсан байна гэсэн дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан.

Энэ тухай 2017, 2018 онд олон нийтэд УИХ-ын гишүүд, сайд нар мэдээлж байсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл эцсийн шийдвэр тодорхой гараагүй байна” гэж мэдээлж байв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу