Нийслэлийн хүн амын өвлийн улирлын махны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах, орон нутгийн малчдын малын махыг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд хүргэх зорилгоор энэ сарын 27-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг дуустал “Өвлийн идэш-2023” өргөтгөсөн худалдааг нийслэлийн 10 байршилд зохион байгуулж эхэллээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион байгуулж буй махны өргөтгөсөн худалдааг зорьж, иргэдийн байр суурийг тодрууллаа.

Өдрийн 12.00 цагийн үед Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд очиход мах ачсан цөөхөн машин харагдах хэдий ч худалдан авагчид чамгүй олон байлаа. Иргэд орон нутгаас шууд орж ирсэн малын махыг аль болох эрт авах гэсэн шиг яаран гүйлдэж, шилж сонгож зогсоно.

Үнийн хувьд ямааны мах 6000 төгрөг, хонины мах 7500-8000 төгрөг, үхрийн мах 9500-9800 төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Малчид зах зээлийн үнэтэй уялдуулан үнээ тогтоон, худалдаж байгаа нь иргэдэд ч, малчдад ч эдийн засгийн хувьд чамлахааргүй хэмнэлттэй байгааг хэлж байлаа.  

Иргэн Ч “Есөн мянга таван зуун төгрөгөөр үхрийн мах худалдаж авлаа. Үнийн хувьд нэг их ялгаа алга. Чухамдаа худалдааны дамжлагагүйгээр шууд гарт ирж байгаа нь авууштай. Зах, худалдааны төвийн худалдаачид тээвэрлэлтийн шаардлага тал дээр жаахан дутмаг байдаг. Энд ч мөн ялгаагүй мэр сэр ажиглагдаж л байна. Гэхдээ жилдээ нэг удаа иймэрхүү арга хэмжээ зохиож байх нь зүгээр санагдаж байна” гэлээ.

Тэрбээр үхрийн хаа, гуя нэг нэгийг худалдаж авчээ. Өвлийн турш гэр бүлд нь хангалттай гэж үзээд, нэг их сэтгэл дундуур биш байгаагаа хэлж байсан юм. Харин малчид ченжийн гар дамжуулахгүй цэвэр сайхан мах зарж байгаадаа сэтгэл хангалуун байгаа ажээ. Иргэдийн сэтгэгдэл янз бүр байгаа ч олон сар хадгалсан нөөцийн мах биш болохоор баталгаа тал дээр итгэлтэй байгаагаа ярьсан юм.

Дорнод аймгийн малчин М “Олон машин, худалдаачин дамжаагүй цэвэрхэн мах худалдаалж байна. Хорь гаруй хонины махтай ирлээ. Худалдаа гайгүй явж байна. Жижиглэж бэлдээд ирсэн учраас жаахан хямд худалдаалж байна” гэв. 

Төв аймгийн малчин С “Хориод малын махтай ирээд сая дууслаа. Нойтон мах болохоор иргэд ам сайтай худалдан авч байна. Хонины махыг нэг килограммыг нь 8500 төгрөгөөр худалдаалсан. Сумын малын эмнэлгээс гарал үүслийн тодорхойлолт, тариа вакцины бичиг хийлгэж ирсэн. Ченжид өгсөн, өөрсдөө худалдсаны бага зэрэг ялгаа байна. Иргэд ч гар дамжаагүй мах худалдан авах сонирхолтой байна” гэлээ. 

Харин зарим иргэд сэтгэгдэл дундуур байгаагаа хэлж байв. Хүчит шонхор захын ханштай ялгаагүй бөгөөд “Зах дээр наймаа хийдэг иргэд ч энд ирээд махаа зарж байгаа үгүйг мэдэхгүй юм. Хэдэн зуун төгрөгийн наана л болохоос амт чанар ямар байгааг мэдэх юм алга” гэх иргэнтэй ч таарлаа. Ямартай ч дийлэнх иргэд малчны хотноос эрүүл цэвэр махыг шууд худалдаалж буй уг арга хэмжээг дэмжиж байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу