Ирландын зохиолч Пол Линч “Бошиглогчийн дуу” романаараа 2023 оны Утга зохиолын салбарын Букерийн шагналыг хүртжээ. Англи хэлээрх уран зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй энэхүү шагналын эзнийг тодруулах ёслол Лондон хотын “Old Billingsgate” цогцолборт Ням гарагийн орой болжээ.

Пол Линчийн тав дахь бүтээл болох уг дистопи романд Ирландын дарангуйллын дэглэмийн үед Дублин хотод амьдардаг Эйлис Стек хэмээн нэгэн микробиологич эмэгтэйн түүхийг өгүүлдэг байна.

Үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн нөхөр Ларрийг нь эсэргүүцлийн жагсаалд оролцсон хэргээр цагдаагийн газраас баривчилсны дараа судлаач бүсгүй дөрвөн хүүхдээ ганцаараа өсгөхөөс өөр аргагүйд хүрдэг ажээ.

Букерийн шагналын шүүгчдийн зөвлөлийн дарга, Канадын зохиолч Эси Эдужан “Авторитар засаглал руу улам бүр гулсан орж буй дистопи Ирландад дарангуйллын дэглэмээс гэр бүлээ аврах гэсэн нэгэн бүсгүйн тухай өгүүлэх эл роман цочирдмоор авч зарим үед усгал зөөлөн, мөд мартагдахааргүй зохиол юм” гэж онцолжээ.

Зохиолчийн тухай

Пол Линч 1977 онд Лимерик хотод Ирландын эргийн хамгаалалтын албаны ажилтны гэр бүлд төржээ. 2013 онд зохиолчийн гараагаа эхлүүлсэн тэрбээр “The Sunday Tribune” сонинд кино шүүмж бичдэг байсан аж.

“Red Sky in Morning” хэмээх түүний бичсэн анхны роман хэвлэгдсэн даруйдаа Америк, Францын утга зохиолын хүрээнийхнээс нааштай үнэлгээ авчээ. П.Линчийн “The Black Snow”, “Grace”, “Beyond the Sea” зэрэг бүтээлүүд нь утга зохиолын олон шагналд нэр дэвшсэн байна.

Бусад өрсөлдөгчид

“Prophet Song” зохиолоос гадна Канадын зохиолч Сара Бернштэйний “Study For Obedience”, Ямайк гаралтай Америкийн зохиолч Жонатан Эскоферийн “If I Survive You”, Ирланд гаралтай Пол Мюррейгийн “The Bee Sting”, Америкийн зохиолч Пол Хардингийн “This Other Eden”, Энэтхэг гаралтай Британийн зохиолч Четна Маругийн “Western Lane” зэрэг романууд энэ оны Букерийн шагналын сүүлчийн шатны шалгаруулалтад багтжээ.

Букерийн шагналын тухайд

2022 оны аравдугаар сарын 1-нээс хойш Их Британи, Ирландад хэвлэгдсэн 163 зохиолоос Букерийн шагналтныг тодруулсан. Өнгөрсөн оны шагналыг Шри-Ланка улсын зохиолч Шехан Карунатилака хүртэж байв.

Эх сурвалж: TASS, BBC, EPA
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу