УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2023.11.27) хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

“ХОДООДНЫ ХОРТ ХАВДАР БАРУУН АЙМГУУДАД ИЛҮҮТЭЙ ТОХИОЛДОЖ БАЙНА”

УИХ-ын гишүүн Ж.ЧИНБҮРЭН: 

-Хорт хавдрын эмнэлгийн өргөтгөлийн барилгыг олон нийтийн зүгээс нэлээд шахаж шаардсан. Хорт хавдрын илрүүлэг хэр өгөөжтэй байсныг ярилцлаа. Монголд тохиолдож байгаа үндсэн таван байршлын хорт хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэхтэй холбоотой мэдээллийг өглөө. Хорт хавдраар өвчилсөн ч 5-аас дээш жил амьдарсан хүмүүсийн тоо нэмэгдсэн байна.

Шалтгаан нөхцөлийн хувьд элэгний хорт хавдар В, С вирустэй шууд холбогддог. Ходоодны хорт хавдар баруун аймгуудад илүүтэй тохиолдож байна. Гол шалтгаан нь хүнсний аюулгүй байдал хэрэглээтэй холбоотой. Архи, тамхи, илүүдэл жингээсээ салж чадвал хавдар тусах эрсдэлээ 30 хувь бууруулна.

“ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХИЙГ БҮЛЭГ ДЭМЖИЖ БАЙНА”

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:

-Мал аж ахуй, өвөлжилтийн байдал, шатахууны хангамж нийлүүлэлт, махны нөөц экспорт, эрчим хүчний хангамж, өвлийн бэлтгэлийн талаар Засгийн газрын мэдээллийг сонсох нь зүйтэй гэж үзлээ. Тиймээс энэ долоо хоногийн Пүрэв гарагийн үдээс хойш Засгийн газрын мэдээллийг тусад нь авч үзэж, тухайн асуудлаар мэдээлэл сонсоно.

Шүүх байгуулах тухай асуудлыг хэлэлцэхийг бүлэг дэмжиж байна. Өнгөрсөн долоо хоногт гишүүдийн гадаад томилолттой холбоотойгоор Байнгын хорооны ирц бүрдээгүй. Авлигын хэрэг шийдвэрлэлтэд ахиц гарахгүй байгаа болохоор дагнасан шүүх байгуулахыг дэмжиж байна” гэв.

Н.УЯНГА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу