БНСУ-ын К-поп урсгалаар уран бүтээл хийдэг охидын BLACKPINK хамтлагийн гишүүд өнгөрсөн Лхагва гарагт Лондон хотын Букингемийн ордонд Британийн Эзэнт гүрний одон (МБЭ) хүртсэн байна.

Хаан III Чарльз 2021 онд Нэгдсэн үндэстний байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал буюу COP26-д элч төлөөлөгчийн хувиар цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд оруулсан хүчин чармайлтыг нь үнэлэн, охидын бүлгийн гишүүдэд тус шагналыг гардуулсан байна.

Өмнөд Солонгосын YG Entertainment-ийн охидын BLACKPINK хамтлагийн дөрвөн гишүүн болох Рөүз, Лиза, Жисү, Женни нар хоёр улсын харилцааны 140 жилийн ойг тохиолдуулан Их Британид төрийн айлчлал хийж буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, тэргүүн хатагтай Ким Кён Хи нарт зориулан Мягмар гаргийн орой Букингемийн ордонд зохион байгуулсан төрийн хүлээн авалтад оролцжээ.

BLACKPINK хамтлагийн нэрийн утга: хар-хүчирхэг чадварлаг, ягаан-хөөрхөн эмэгтэйлэг.

YG хоёр дахь охидын хамтлагаа найман гишүүнтэй pinkpunk нэртэйгээр гаргахаар төлөвлөн бэлтгэж байсан ч бусад дөрвөн гишүүн нь тус тусын хувийн шалтгаанаар тус энтертайнментээс гарчээ.

Тус хамтлаг гурван солонгос (Жэнни, Жисү, Чэёон), 1 тайланд (Лиса) гишүүнээс бүрдсэн. Тэд 2016 оны наймдугаар сарын 8-нд “Square One” цомгийн “BOOMBAYAH” болон “Whistle” гэх хоёр дуугаа Youtube хуудсанд цацаж, албан ёсоор debut хийсэн.

Удалгүй аравдугаар сарын 31-нд “Playing with fire”, “Stay” гэх дуунуудтай “Square Two” цомгоо гаргаж, анхны эргэн ирэлт (comeback)-ээ амжилттай хийжээ.

Түүнээс хойш долоон сарын дараа буюу зургадугаар сарын 22-нд “As if it your last” гэх шинэ дуугаа гаргасан нь К-попын түүхэнд YouTube хуудсанд хамгийн хурдан хугацаанд 150 сая хандалт авсан дуугаар шалгарсан байна.

Мөн 2018 онд гаргасан “Ddu-du Ddu-du” гэх дуу нь 24 цагт хамгийн их хандалт авсан уран бүтээлийн дөрөвдүгээрт жагсчээ. Энэхүү дуу нь 2019 оны арваннэгдүгээр сарын 11-нд YOUTUBE хуудаст 1 тэрбум хандалт 11 сая LIKE-тай болж, BLACKPINK хамгийн анхны 1 тэрбум хандалт авсан хамтлагаар тодорсон байна.

Дашрамд сонирхуулахад, YG-ийн шинэ охидын хамтлаг Babymonster Даваа гарагт “Batter Up” дижитал синглээрээ дебют хийсэн байна. YG-ийн мэдээлснээр, хөгжим болон видео бичлэг нь шөнө дунд цацагджээ.

Babymonster нь BLACKPINK-ээс хойш долоон жилийн дараа гарч ирсэн К-поп урсгалаар уран бүтээл туурвидаг охидын хамтлаг юм байна.

Эх сурвалж: YONHAP
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу