Севастополь хотын захирагч Михаил Развожаев “Байгалийн гамшгийн улмаас тус хотын аквариум музей үерт автаж, 500 гаруй далайн амьтан үхсэн” гэж телеграм сувгаараа дамжуулан мэдээлжээ.

Тэрбээр “А.О.Ковалевскийн нэрэмжит Өмнөд тэнгисийн биологийн хүрээлэнгийн дөрвөн шинжлэх ухааны лаборатори гамшигт өртөж, ноцтой хохирол учирлаа. Севастополийн аквариум музей усанд автсаны улмаас 500 гаруй далайн амьтан үхээд байна” гэж бичсэн байна.

Тус аквариумын агааржуулалтын хэсгээр далайн ус орж, музей усанд автжээ. Энэ нь Европын хамгийн эртний аквариумуудын нэг бөгөөд Оросын эзэнт гүрний үед 1897 онд Севастополь биологийн станцад байгуулсан анхны далайн аквариум юм байна. Тус аквариум Севастополийн булангийн захад, Приморскийн өргөн чөлөөний тэргүүн эгнээнд орших түүхэн барилгад байрладаг ажээ.

Газар дундын тэнгисийн циклоны улмаас Крымд аадар бороо орж, хүчтэй хар шуурганы улмаас салхины хурд секундэд 40 метр хүрч ширүүссэн байна. Улмаар Крымын олон тосгон эрчим хүчгүй болж, модод нурж, хийн хоолой эвдэрч, далайд хүчтэй шуурга дэгдэж, Евпаториагийн эрэг орчмын бүсүүд давалгаанд автаж, Саки-Евпатория хурдны зам үерийн улмаас хаагджээ.

Севастополь хотод цаг агаарын байдал тааруу, шуургатай байсан тул Даваа гарагийг ажлын бус өдөр болгон зарласан бол Бүгд Найрамдах Крым улс даяар амарсан байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу