Европын холбоо сайн засаглал, тогтвортой хөгжлийн болзлыг хангасан, хөгжиж буй орнуудад хэрэгжүүлдэг Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-ийн дагуу Монгол Улсад олгодог тарифын хөнгөлөлтийг 2027 он хүртэл сунгасан байна.

Энэхүү шийдвэрийн талаар Монгол Улс, Европын Холбоо (ЕХ)-ны Хамтарсан комиссын дэргэдэх Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдаан дээр мэдэгджээ.

Дэд хорооны хуралдааныг 2023 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр цахимаар зохион байгуулсан бөгөөд талууд эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, худалдааны бодлого, хөрөнгө оруулалтын орчны талаар харилцан мэдээлэл солилцсон байна.

Тус хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд Монгол Улсаас гарал үүсэлтэй 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Европын зах зээл дээр гаалийн тарифын хөнгөлөлт эдэлдэг тул дээрх шийдвэр нь манай бизнес эрхлэгчид европын зах зээлд нэвтрэх, экспортын барааны төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг талууд онцолжээ.

Монгол Улс хөгжиж буй орны хувьд 1991 оноос ХЕС-т хамрагдаж, импортын тарифын хөнгөлөлт эдэлж байсан ч экспортын ихэнх гол нэрийн бараа, бүтээгдэхүүн гаалийн татвараас бүрэн чөлөөлөгдөж байгаагүй юм.

Европын холбоо жижиг, эмзэг эдийн засагтай, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын худалдаанд учирч байгаа бэрхшээлийг онцлон авч үзэж, хөгжлийн хэрэгцээ шаардлагыг дэмжих чиглэлээр худалдааны бодлого явуулдаг.

Энэхүү үзэл баримтлалын хүрээнд ХЕС-ийн шинэ журмаар ”сайн засаглал, тогтвортой хөгжлийн” болзлыг хангасан эмзэг эдийн засагтай орныг ХЕС-т хамруулж, 7200 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх шинэ хөнгөлөлтийг /GSP+/ бий болгосон билээ.

Тус Хөнгөлөлтийн ерөнхий систем буюу GSP+-ийн хүрээнд Монгол Улсаас гарал үүсэлтэй 7200 бараа бүтээгдэхүүнд гаалийн тарифын хөнгөлөлт эдэлдэг. Энэхүү хөнгөлөлтийг гарал үүслийн гэрчилгээний үндсэн дээр эдэлж байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу