Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Агентлагийн даргын 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаартай удирдамж дагуу шатахууны жижиглэн болон бөөний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг хамруулан хяналт, шалгалт хийж эхэлжээ.

“Петровис”, “Тэс петролиум”, “Магнай трейд”, “Шунхлай”, “Сод Монгол” зэрэг аж ахуйн нэгжийн жижиглэн худалдаа эрхлэгч шатахуун түгээх станцууд (ШТС)-д өнөөдөр хяналт, шалгалт хийсэн байна.

Хяналт шалгалтад хамрагдсан зарим ШТС-д АИ-92 автобензин хэвийн олгож байсан бол заримд нь дууссан, татан авалт ирээгүй байгаа тул олгохгүй байсан аж.

Шатахуун дууссан тухайд “Ойрын үед ачаалал өндөр. Мөн амралтын өдрүүдэд агуулахаас татан авалт хийгддэггүй тул ажлын эхний өдөр нөөц дууссан, татан авалтаа хүлээж байна” гэсэн тайлбар хийжээ. Харин ихэнх ШТС-д дизель түлшний нөөц бага, гэрээт болон хэрэглэгчийн карт, талонтой хэрэглэгчдэд хязгаартайгаар олголт хийж буй юм байна.

Шатахууны жижиглэн болон бөөний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын ажил 30 хоногийн хугацаанд үргэлжлэх ажээ.

Энэ хүрээд шатахуун импортлогч аж ахуй эрхлэгч тус бүрээр нөөцийн мэдээ гаргуулах, үнэ бүрдэлтийн мэдээлэлд судалгаа, шинжилгээ хийх, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгуулах, холбогдох хуулийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх, хяналт шалгалтын дүн мэдээг нэгтгэн, санал боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу