Израилийн батлан ​​хамгаалах хүчин өнгөрсөн Даваа гарагт “Барьцаалагдаад байсан 11 хүн Израильд буцаж ирлээ” гэж мэдэгджээ. Израиль, Катарын албаныхны мэдээлснээр, барьцаанаас суллагдсан иргэд бүгд давхар иргэншилтэй израильчууд аж. Тус улс хариуд нь Израилийн шоронд хоригдож байсан 33 палестин иргэнийг сулласан байна.

Катар улс “Израиль-ХАМАС Газын зурваст байгуулсан эвлэрлийн гэрээг хоёр хоногоор сунгах тохиролцоонд хүрлээ” гэж мэдэгдсэний дараа үйл явдал ийнхүү өрнөжээ. Израилийн ахлах зөвлөх “ХАМАС хэлэлцээрийн дагуу өдөр бүр барьцааны 10 хүнийг суллана” гэж мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар ХАМАС бүлэглэл барьцааны 69 хүнийг суллаад байгаа бөгөөд тэдний дунд эмэгтэйчүүд, хүүхэд багачууд буй аж.

Израилийн Эрүүл мэндийн яамнаас Даваа гарагт суллагдсан Израилийн барьцаалагдсан 11 хүнийг тус улсын хамгийн том буюу Тель-Авивын Соураскийн Эрүүл мэндийн төвд хүргэсэн талаар мэдээлжээ.

Улмаар “Барьцаалагдсан хүмүүсийн ар гэрийнхэн 52 хоногийн дараа уулзалдахаар эмнэлэгт хүлээж байна. Эмнэлгийн баг болон бусад мэргэжилтнүүд тэдгээр иргэдэд эмнэлгийн болон сэтгэл зүйн тусламж үзүүлж ажиллана. Бид Израильд буцаж ирэх хэнийг ч хүлээн авахад бэлэн бөгөөд бэлтгэлээ базааж байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу