Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо 2023 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын Симфони оркестрийн их танхимд толилуулсан байна.

Тус тоглолтыг Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд тэргүүтэй албаны төлөөллүүд болон Шанхай хотын төр, засгийн удирдлага, гадаад улсаас тус хотод суугаа Дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүн нар зэрэг нийт 1100 гаруй гадаадын үзэгчид үзэж сонирхжээ.

Монгол үндэстний үнэлэмж цогц арга хэмжээний чухал зорилтын нэг нь уламжлалт өв, соёл, урлагаа дэлхийд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Хүн төрөлхтний соёлын биет бус өв, өнө эртний баялаг түүхтэй Монголын үндэсний урлагийн сор болсон морин хуур хөгжмийн гайхамшигт хөг аялгууг гадаадын 30 гаруй орны алдарт тайзнаа эгшиглүүлэхэд Монгол Улсын ГХЯ болон хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрууд бүхий л боломжийг бүрдүүлж ирсэн билээ.

Энэ удаагийн тоглолт “Морин хуур” чуулгын ардын болон сонгодог 13 бүтээлээс бүрдсэн бөгөөд дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй хот, худалдаа, эдийн засаг, санхүү болон соёл урлаг, дизайны томоохон төв Шанхай хотод анх удаа тоглосноороо онцлог юм.

Морин хуурын чуулга

1992 оны долдугаар сард байгуулах тухай Засгийн газрын тогтоол гарч, 1993 оны нэгдүгээр сард Хөгжим бүжгийн дунд сургууль дээр байрлаж, чуулгын бүрэлдэхүүнээ тогтож, бэлтгэл сургуулилтаа эхлэн тус оны дөрөвдүгээр сарын 16-нд анхны тоглолтоо хийж, үзэгч түмэндээ Морин хуурын чуулга гэдэг байгууллагыг танилцуулжээ.

1994 оны зургадугаар сарын 1-нээс Засгийн Газрын шийдвэрээр Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны бүрэлдэхүүнд оржээ. Тус чуулга төрийн ёслол хүндэтгэлийн том арга хэмжээнүүд, концерт, тусгай арга хэмжээ, “Алтан намар”, “Морин хуур” зэрэг дуу хөгжмийн наадмуудад байнга оролцдог.

Үүний зэрэгцээ уран сайхны болон баримтат кино, жүжгийн олон арван бүтээлүүдийг тоглохоос гадна Ардын Жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаа, Ардын Жүжигчин, Төрийн хошой шагналт Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Н.Жанцанноров, Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Шарав, Төрийн шагналт З.Хангал, Ц.Чинзориг, Ц.Нацагдорж, Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Г.Алтанхуяг, Д.Баттөмөр, залуу хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, Х.Алтангэрэл, Д.Түвшинсайхан болон Ж.Бизе, Ж.Пуччини, П.Чайковский, А.Дворжак, А.Хачатурян, Хэ Жин Хау, Чен Кай зэрэг сонгодог болон монголын орчин цагийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийн урын сантай болжээ.

Өнөөг хүртэлх 20 гаруй жилийн хугацаанд Монголын болон дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын 1000 гаруй бүтээлийг тоглосон байна. Тэдний хамгийн анхны гадаад дахь тоглолт 24 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй 1996 оны хоёрдугаар сард ОХУ-ын Улаан-Үд хотод хийсэн тоглолт байжээ.

Энэхүү айлчлан тоглолтын дараагаар 1996 оны тавдугаар сард ӨМӨЗО-ы Хөх хотын Ардын хурлын танхимд, 1997 оны дөрөвдүгээр сард БНАСАУ-ын Пхеньян хотын Үндэсний их театрт, тавдугаар сард Япон Улсын Токио, Тама, зургадугаар сард Осака, арваннэгдүгээр сард Токио, Осака, Киото, Нара, Окинава, Кочи, Хофу, Фукуока хотод тус тус тоглолтоо толилуулж, гадны улсад улсаа сурталчлах эхлэл тавигдсан байна.

1996 оноос хойш энэ цагийг хүртэл Морин хуурын чуулга Япон, БНХАУ, Буриадын бүгд найрамдах улс, ӨМӨЗО, Хойд Солонгос, БНСУ, Австри, Швейцарь, Канад, Турк, АНУ, Франц, Макао, Герман, Итали, ОХУ, Тайвань, Вьетнам, Хонгконг, Бельги, Португали, Казакстан, Халимаг зэрэг олон орны ард түмэнд монгол хүний түүх, ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний эгшгэн илэрхийлэл болсон хуурын аялгууг хүргэжээ.

Ингэхдээ дэлхийн алдарт театр, концертын танхимд тоглолтоо толилуулж, Монголын урлагийн түүхэнд тодоор бичигдэх түүхийг бичсэн байна. Тодруулбал, АНУ-ын Нью-Йорк хотын “Карнеги холл”, НҮБ-ын танхим, Францын ЮНЕСКО-гийн танхим, Австрийн Вена хотын филармони,  Дэлхийн гайхамшигт театруудын жагсаалтад зүй ёсоор ордог ОХУ-ын Большой театр, өмнөд хөршийн “Үндэсний их театр” буюу “Сувдан театр”, Мариинский театр, Японы эзэн хааны ордонд болон Австралийн Сидней опера хаузт эгшгээ хүргэсэн байдаг.

Чуулгын 30 гаруй уран бүтээлчдийн дотор Монгол Улсын Ардын Жүжигчин 2, Монголын Улсын Соёлын Тэргүүний Ажилтан 20 орчим бий юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу