Монгол Улсын Консерваторын сурагчид Чех улсад 56 дахь удаагаа зохион байгуулагдсан “Virtuosi per musica di pianoforte” төгөлдөр хуурын олон улсын уралдаанд амжилттай оролцжээ. Тодруулбал, энэхүү уралдаанд Монгол Улсаа төлөөлөн долоон сурагч, гурван багшийн хамт (Т.Нямсүрэн, Н.Ганчимэг, Г.Оюун-Эрдэнэ) оролцсон байна.

Дөрвөн ангилалтай тус уралдаанд 13 орны төгөлдөр хуурчид ур чадвараа сорьсон бөгөөд хамгийн том шагналыг Монгол Улсын консерваторийн дөрөвдүгээр ангийн сурагч, Г.Оюун-Эрдэнэ багшийн шавь Б.Гүен Монголоос анх удаа хүртсэн байна.

Сурагч Б.Гүен уралдааны нэгдүгээр ангилалд нэгдүгээр байр эзэлж, Усти над Лабем хотын захирагчийн нэрэмжит шагнал хүртжээ. Тэрбээр тун удахгүй Чехийн Брно хотноо болох В.А.Моцартын нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд оролцох аж.

Монгол Улсын консерваторийн Т.Нямсүрэн багшийн шавь Б.Очир-Эрдэнэ “Virtuosi per musica di pianoforte” төгөлдөр хуурын олон улсын уралдааны гуравдугаар байрыг эзэлж, Б.Энхсаруул тусгай шагнал хүртсэн бол Н.Ганчимэг багшийн шавь Н.Саруул, Т.Оюу нар тусгай шагнал тус тус хүртсэн байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу