Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 2/4488 тоот албан бичгийн дагуу “Омни ассет ТЗК” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан “Омни ассет” ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцжээ. Улмаар хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс OABS-BD-27/11/25-C0056-19.6 кодтойгоор эхлүүлэв.

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 552 тоот тогтоол болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/271 тоот тушаалын дагуу бүртгэгдсэн “Омни ассет ТЗК” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 60,000 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн (ажлын 5 хоног) 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж, хүлээн авчээ.

“Омни ассет ТЗК” ХХК жилийн 19.6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож, нийт 6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн аж.

Захиалгын дүн санал болгож буй үнийн дүнд хүрч, захиалга 100 хувьд хүрч, анхдагч зах зээлийн арилжаа хаагджээ. “Омни ассет ТЗК” ХХК-ийн ХБҮЦ-ыг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “Апекс Капитал ҮЦК” ХХК ажилласан байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу