Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраар ахлуулсан нотлох баримтыг шинжлэн судлах ажлын хэсэг эхний сонсголоо арванхоёрдугаар сарын 4-нөөс 8-нд, хоёр дахь сонсголыг ирэх сарын 18-наас 22-нд товлосон.

Бүтэн жил тойрсон нүүрсний асуудал ой дээрээ сонсголын хэмжээнд ирж байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг нүүрсний хэрэгтэй холбогдуулан түдгэлзүүлсэн.

Б.Энхбаяр өчигдөр эхний сонсголоор “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий этгээд жижиг “Тавантолгой” компанитай нүүрсний гэрээ байгуулсан. Энэ асуудлаар түүнийг дуудаж байна” гэж мэдэгдсэн. Үүний араас АН-ынхнаас Ш.Адьшаа, А.Адъяасүрэн, Д.Дорлигжав, Д.Бат-Эрдэнэ гээд үргэлжилнэ.

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ИТХ-ын дарга Б.Бадраа гэх мэтчилэн АН-ынхны нэрс хөврөх юм. Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан Ө.Шижир, З.Энхболд нарын асуудал “Ажнай”-гаас тусдаа ч Ардчилсан нам гэх тугийн дор үргэлжилнэ.

АН-ынхны асуудал “Ажнай” Д.Бат-Эрдэнээ даган орж ирэх юм байна. “Ажнай” улс төрд өөрийн хамгаалалтыг бий болгохоор өдөр, шөнөгүй дээгүүр, доогуур утас цохин, асуудлаа ярьж байгаа гэх мэдээлэл бий.

Нөгөө талд нь, сүүлийн найман жил засагласан МАН-ынхан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг тойрон эргэлдэнэ. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Н.Амарзаяа, Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд, Д.Ганбат, Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр нарын асуудал явах нь гарцаагүй.

“Шударга ёсны төлөө” гэх сүрт лоозон тунхаглах болсон МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимаас ч нүүрсчид нэмэгдэж магадгүй бололтой.

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ өөрсдийн намынхныг тэр бүр мулайж нэр зарлахгүй янзтай. Харин Б.Ганхуягийн хувьд бараг бүтэн жил хоригдсон гомдол бий. Гуйлга, тушаал өгөхдөө бүгд түүнд хандаж байсан ч хоригдсон байгаа энэ үед нь түүнийг гэж өмгөөлөх хүн төрсөн эгчээс нь өөр байхгүй байгаа тул энэ удаагийн нүүрсний сонсгол дээр “бөмбөг” тэвэрч орж ирээд, тэслэх сураг байна.

Б.Ганхуягийн амнаас гарсан үг бүр нотлох баримтыг шинжлэн судлахад маш том нөлөө үзүүлнэ. Өөрөө ч нүүрсний сонсголд ормоор байна гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа нь МАН-ынхныг нойргүй хоноход хүргэсэн. Эрх баригч намынхан нүүрсний сонсголын үеэр үхэхдээ үхэр буугаа тавих уу гэдгийг харах л үлдлээ.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу