Палестин-Израилийн мөргөлдөөн хурцдаж буй энэ үед Интерпол Ойрхи Дорнод дахь нөхцөл байдлыг өдөр, шөнөгүй хянаж байгаа талаар тус байгууллагын ерөнхийлөгч Ахмед Нассер аль-Раиси Ерөнхий Ассамблейн 91 дүгээр чуулганы нээлтийн өмнөхөн ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрбээр “Интерполоор бид тухайн бүс нутагт болж буй мэдээ, үйл явдлыг өдрийн цагаар байнга хянадаг. Хоёр улс тус байгууллагын гишүүн улс учраас оролцогч орнуудын цагдаагийн ажлыг дэмжих ёстой” гэж хэлсэн байна.

Палестин 2017 онд, Израиль 1949 онд Интерполын гишүүн болжээ.

Арабын Нэгдсэн Эмират улсын төлөөлөгч Ахмед Нассер аль-Раиси 2021 оны арваннэгдүгээр сард Интерполын ерөнхийлөгчөөр сонгогдож, үүрэгт ажилдаа орсон аж. Тэрбээр 1980 онд АНЭУ-ын цагдаагийн газарт ажиллаж байгаад, 2005 онд Абу Дабигийн цагдаагийн газрын Үйл ажиллагааны ерөнхий газрын даргаар томилогджээ.

2015 оноос АНЭУ-ын Дотоод хэргийн яамны ерөнхий байцаагчаар ажиллаж байсан тэрбээр Их Британи, АНУ-д дээд боловсрол эзэмшсэн, тэр дундаа Лондон Метрополитан Их сургуульд цагдаа, олон нийтийн аюулгүй байдлын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан аж. Өдгөө Интерполын гүйцэтгэх хорооны гишүүн бөгөөд 2018 оноос хойш Ази тивийн төлөөлөгчөөр ажиллаж буй юм байна.

Интерполын Ерөнхий Ассамблейн 91 дүгээр чуулган Вена хотноо арваннэгдүгээр сарын 28-нд эхэлжээ. Ирэх арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх чуулганд тус байгууллагын гишүүн 190 гаруй орны хууль сахиулах байгууллагын дарга, төлөөлөгчид оролцож байгаа аж. 1923 онд Вена хотод байгуулагдсан Интерполын 100 жилийн ой энэ жил тохиож, тэмдэглэж буй юм.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу