Консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох товтой байсан ч дахин хойшилж, ирэх дөрөвдүгээр сарын 4-нд хийхээр боллоо.

Улмаар дараагийн шүүх хурал хүртэл түүнийг цагдан хорих арга хэмжээг хэвээр үлдээсэн байна. 

Д.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг өмгөөлөгч нь шүүхэд гурван удаа гаргасан боловч шүүх татгалзжээ. 

Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнэ нь МУИС-д сурч байгаа бөгөөд сургалтын төлбөрөө ч төлжээ. Мөн 461-р хорих ангид байх үед нь бие нь муудаж, түр хугацаанд эмнэлэгт хэвтсэн байна.

Өөр нэг шалтгаан нь түүний аав н.Даваа хэвтрийн дэглэмтэй, биеийн байдал нь хүнд байгаа аж. 

Эдгээрийг үндэслэн Д.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхийг удаа дараа хүссэн ч Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Нотлох баримт хангалтгүй” гэж үзэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг дараагийн шүүх хурал хүртэл үргэлжлүүлэхээр болжээ.

Энэ талаар Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох “Өмгөөлөгч нарын шүүх хурал давхцаад байгаа учраас өнөөдрийн шүүх хурал хойшлох нь тодорхой байсан. Харин таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөх санал гаргасан ч шүүх дахин татгалзлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар “Таслан сэргийлэх арга хэмжээг авахдаа 30 хоног цагдан хорино” гэж заасан байдаг. Түүнээс биш дараагийн шүүх хурал хүртэл хорих тухай заалт байхгүй. Гэтэл яагаад үргэлжлүүлэн хорьж байгааг ойлгохгүй байна.

Бид хоёрдугаар сарын 23-наас хойш таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөх хүсэлт удаа дараа гаргасан боловч огт хүлээж авахгүй байгаа.

Хамгийн гол нь Д.Мөнх-Эрдэнийн аав 73 орчим настай н.Даваа гэх хүн бий. Тэр хүний элэгний судас тасарсан учраас маш хүнд хагалгаанд орсон. Хагалгаанаас гараад гэртээ хэвтэн эмчлүүлж байгаа юм. Ийм хүндэтгэх шалтгаан байгаа учраас таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж,  аавтай нь л уулзуулмаар байна.

Шүүхэд санал гаргахад надаас нотлох баримт нэхсэн. Долоо хоногийн дараа сургуулийн тодорхойлолт, эмнэлгийн бичиг зэргийг бүрдүүлээд өгтөл хангалтгүй гэж үзсэн. Гурав дахь удаагаа ингэж шийдлээ.

Хэвтрийн дэглэмд байгаа аав нь “Сүүлийн удаа ч байж магадгүй, хүүгийнхээ барааг л хармаар байна” гээд хөнжлөөр биеэ ороогоод, машинд хэвтээд шүүхийн гадаа ирчхээд байна. Гэтэл шүүх хүлээж авсангүй. Үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа. Эцэг хүний хувьд зүрх шимширч байна.

Ер нь бол Д.Мөнх-Эрдэнийг цагдан хориод байх үндэслэл, шаардлага байхгүй” гэлээ.

Сануулахад, Д.Мөнх-Эрдэнийг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Улмаар ЭХХШТХ-ийн 14.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр арванхоёрдугаар сарын 20-ноос хойш 461-р хорих ангид цагдан хориод буй. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу