Яг өнөөдрийн нөхцөлд яаж ч байсан хаяж болохгүй ганц сэдэв бол нүүрсний хулгай. Бүтэн жил тойрч хүлээсэн хамгийн том авлигын системийг одоо л задлах хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнийн шударга ёсны тэмцэл үнэхээр үнэн бол нүүрснээс эхлэх ёстой.

“Гунигт” лоозон болтол ярьсан шударга ёсоо нүүрсчдээс эхлүүлэх нь хамгийн зөв болчихоод байна. Нүүрсний хулгайд ганц хоёр улстөрч холбоотой бус бүхэл бүтэн нам, улс намнасан бизнес, улс төрийн бүлэглэлүүдийн ашиг сонирхол, авлига, албан тушаал, эрх мэдлийн маш том зангилаа бий.

Элин хальж, дэвэн дэлхий тойрч явсаар ирэх сарын 4-нөөс нүүрсний сонсгол эхлэх гэж байна. Нүүрсний сонсголыг угтсан нүүгэлтсэн жагсаалын ч сураг гарч байна. Энэ гэхдээ нүүрсний сонсголоор далимдуулж ногоон автобус, утаа, цэргүүдийн үхэл гэх мэтчилэн олны анхаарлыг татсан сэдэв бүрийг өлгөн авч, өвлийн хүйтэнд Төв талбайдаа жагсах сураг байгаа юм. Мэдээж олон сэдвийг хамарсан жагсаалын ард нүүрсний бүлэглэлүүд энэ бүхнийг удирдаж таарна.

Нийгэм маш бухимдалтай байна. Стресстэй байна. Үүн дээр нь жаахан тос нэмээд өгөхөд хүссэн хүсээгүй дүрэлзэхэд ойрхон байна. Өмнө нь хүмүүс хэн нэгэн даргын өгсөн мөнгийг халаасандаа хийж аваад жагсдаг байсан бол энэ удаа ходоодондоо захирагдан жагсахаар байна.

Иргэдийн гарт, хэтэвчинд мөнгө алга. Хөргөгчинд нь үмх мах, тогоонд нь гурил, будаа алга. Байгаагаас байхгүй л байна. Ийм үед ард түмэн энэ нийгмийг хааш нь ч эргүүлж мэдэх тийм их хүчээр жагсах нь. Нүүрсний сонсгол жагсаал дунд өрнөх нь нэгэнт тодорхой болж байна.

Парламентад суудалгүй жижиг намууд, элдэв хөдөлгөөнүүд жагсаалд уриалан дуудаад эхэллээ. Төлбөртэй гэгдэх жагсагчид сошиалаар уриалга явуулж байгаа бол угаас өлсгөлөн байгаа ард түмэн уриалгатай уриалгагүй нэгдэхэд ойрхон байна.

Өмнөх жагсаалуудыг МАН өөрсдөө зохион байгуулж, өөрсдийнхөө эсрэг “Ажлаа хий” гэх жагсаалыг хүртэл зохион байгуулж байв. Одоо тэд “Ажлаа хий” гэж жагсахгүй байх.

Засгийн газрыг огцруулах хэмжээнд хүртэл шахаанд оруулах алхам хийгдэх байх. Засгийн газар гэдэг бол Л.Оюун-Эрдэнэ. Тэр эрх барьж буй МАН-ын дарга. Ирэх сонгуульд өдрөөс өдөрт унаж буй намынхаа рейтингтэйгээ орох уу, “Би шударга ёсны төлөө тэмцээд дийлсэнгүй. Одоо та бүхэнтэйгээ нэгдмээр байна” гэж авралын гар сарвайлган орох уу гэдэг сонголтын өмнө ирлээ.

МАН Засгийн эрхэнд гарснаас хойш ЖДҮ, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай гэх мэтчилэн маш том хулгайн асуудал сөхөгдсөн. Наагуур нь үүлүү даалуухан болгож авлигын хэдэн тэрбумын асуудлууд ч яригдсан. Гэхдээ үр дүн гараагүй. Тиймээс ард түмэн шударга ёсыг шаардана. Дээрээс нь ковидын үеийн төсвийн зарцуулалтыг улсын нууцаас гаргахыг шаардана.

Утаанд зориулсан их наядаар хэмжигдэх мөнгөний үр дүнг нэхэж жагсана. Улаан, ногоон асуудалтай автобусуудын хэргийг нэхнэ. Улаанбаатарт орсон цасаа цэвэрлэж чадахгүй байгаа хотын удирдлагуудаас цасаа цэвэрлэхийг шаардана. Жил бүр л ард түмний нэхдэг асуудал энэ удаа Төв талбайд гарч, “зад” татаж мэдэхээр байгаа юм.

Хамгийн ойлгомжтой зүйл гэвэл нүүрсний сонсголыг угтсан жагсаал болж таарах нь. Жагсаал дагасан нүүрсний бүлэглэлүүдийн эрх ашгийн төлөөх тулаан ч өрнөх нь ээ.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу