Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис Британийн музейн цуглуулгад байгаа Парфеноны гантиг баримтлуудыг хулгайд алдсан гэж мэдэгдээд, эдгээр ховор эд зүйлсийг Грект буцааж өгөх тухай асуудал яригдаж байна гэж хэлсний улмаас дипломат шуугиан дэгджээ.

Үүний дараа Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак шөнийн дотор Грекийн Ерөнхий сайдтай хийх уулзалтаа цуцалсан байна. Грекийн Ерөнхий сайд “Их Британийн Ерөнхий сайд бидний төлөвлөсөн уулзалт болохоос хэдэн цагийн өмнө уулзалтаа цуцалсанд би бухимдаж буйгаа хэлмээр байна. Гэвч үзэл бодолдоо үнэнч, итгэл төгс байдаг хүн эсэргүүцлээс хэзээ ч айдаггүй” гэж хэлжээ.

Британийн дипломатч Лорд Элгин XIX зууны эхээр эртний гантиг баримлуудыг олж, Их Британид аваачсан байна. Энэ нь археологичдын урт хугацааны судалгаа, ажлын үр дүн биш бөгөөд Афины Акрополийн Парфеноны баримлууд болон рельефүүдийг тайрч, далайгаар Лондон руу аваачжээ.

Эдгээр нь эртний Грекийн агуу уран барималч Фидиас болон түүний шавь нарын МЭӨ 438-431 онд хийсэн шилдэг бүтээлүүд бөгөөд зургуудыг нь эртний түүхийн ямар ч сурах бичгээс олж үзэх боломжтой юм. Элгинийг буруушаагчид байсан ч агуу уран барималч Канова тэргүүтэй олон хүн дэмжиж байжээ. Тухайн үед Грекийг захирч байсан Османы эзэнт гүрнээс зөвшөөрөл авсан гэж дипломатч баталсан байдаг ч бодит байдал дээр бүх зүйл тийм биш байсан бололтой.

Пушкины нэрэмжит музейн ерөнхий захирал Елизавета Лихачева “Тэднийг экспортолсон Лорд Элгин тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Соёлын үнэт зүйлийн тухай хуулийг зөрчиж, худал хэлж, захирагчийг хууран мэхлэн, баримлуудын зарим хэсгийг хулгайлсан гэж хэлж болно” гэж хэлжээ.

Элгин гантигуудыг 35 мянган фунт стерлингээр Британид зарсан аж. Грек улс 1830 онд тусгаар тогтнолоо олж авсан цагаасаа эхлэн гантиг чулууг буцааж өгөхийг шаарджээ. Грек энэ асуудлыг байнга хөнддөг тул Британийн музей бусад оронд үзэсгэлэн гаргах зөвшөөрөл өгдөггүй байна.

Эх сурвалж: THE GUARDIAN, VESTI, GREEK HERALD
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу