Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр (2023.11.29) шатахууны нийлүүлэлтийн талаар мэдээллээ. Тэрбээр ОХУ-аас хориг тавьсантай холбогдуулан Монгол Улс руу 21 хоног дизель түлш нийлүүлээгүйгийн улмаас хямрал нүүрлэж, түүнээс гарахын тулд БНХАУ-аас түлш авч, ОХУ-д хүсэлт тавьж буй талаараа удаа дараа мэдээлсээр буй билээ. 

Салбарын сайд хэлэхдээ ОХУ-аас Монгол Улс руу 21 хоног ямар ч түлш ачигдаагүй нь өнөөдрийн хямралыг бий болгочихлоо. Үүнээс бид шууд нэг амьсгаагаар гарч чадахгүй байна. Ер нь тасалдал байхгүй. Бид хэрэглээгээ л гүйцэхгүй байна.

ОХУ-ын нутаг дэвсгэрээс 592 вагон түлш ачигдсан. Үүний 430 гаруй нь дизель түлш. Үлдсэн нь АИ92 бензин. Үүнээс 350 вагоныг нь ойрын хугацаанд оруулж ирэхээр ОХУ-ын төмөр замын даргатай ярьж тохирлоо. Гэхдээ эдгээр вагон орж ирэх хугацаа янз янз. Тухайлбал, Ангарскийн үйлдвэрээс 4-5 хоногт, бусад үйлдвэрүүдээс 21 хонож байж орж ирнэ. Бага багаар оруулж ирнэ гэсэн үг. 

ОХУ-аас бидэнд өгч буй мэдээллээр, тус улс өвлийн дизель түлшний хувьд дотоодынхоо хэрэгцээг хангаж дийлэхгүй байгаа учраас энэ асуудлаа нэн тэргүүнд шийдвэрлэхийг зорьж байна. Арванхоёрдугаар сарын эхний хоёр долоо хоногт дизель түлшний асуудлыг шийдвэрлээд, манай улс руу ачилтаа эхлүүлнэ гэсэн.

Бид үүнийг хүлээгээд зүгээр суугаагүй. БНХАУ-аас 30 мянган тонн дизель түлш авахаар болж, мөнгийг нь төлсөн. Арванхоёрдугаар сард 2000, 3000 тонноор цувж ирнэ.  Тиймээс маргааш дизель түлшгүй болно гэсэн асуудал байхгүй. Бид хэрэглээгээ гүйцэхгүй байна” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу