Засгийн газрын өнөөдөр (2023.11.29)-ийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Монгол Улсын хууль тогтоолоор батлагдсан хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийт журмын байдалд хийсэн үнэлэлтийг танилцуулсан.

Гурван долоо хоногийн өмнө Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамт хуралдсан. Энэ үеэр хамгийн их яригдсан асуудал нь хувиараа бизнес хийхэд чөдөр тушаа болж буй асуудлуудын нэг нь журмууд байгааг хувийн хэвшлийнхэн хөндөж байсан. Үүнтэй холбоотойгоор хоёр долоо хоногийн өмнө Ерөнхий сайдаас ХЗДХ-ийн сайдад журмуудын асуудлаар танилцуулга хийх үүрэг өгсөн. Ингээд дүн шинжилгээ хийж үзлээ. 

Монгол Улсад 600 гаруй хууль бий гэж бодоод байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээр хуулийн 300-д нь ямар нэгэн байдлаар журам батлах эрх олгосон заалт байна. Энэ 300 гаруй хуульд нийт 2500 журам батлахаар хуульчлагдсан байна. ХЗДХЯ захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийг хөтөлж явдаг. АЗДХЯ-д бүртгэгдсэн журам хууль зүйн хувьд хүчинтэй бөгөөд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээтэй байдаг. Өнөөдрийн байдлаар улсын нэгдсэн бүртгэлд 2395 журам бүртгэлтэй байна. 

2018 онд Монгол Улс 906 журамтай байж. Гэтэл сүүлийн таван жилийн дотор 2500 болтлоо нэмэгдсэн байна. Ингэж нэмэгдэхэд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл нь Хог хаягдлын тухай хууль, Малын тоо толгой, албан татварын тухай хууль, Эрчим хүчний тухай хуулиудаар 800 гаруй журмыг ИТХ батлахаар хуульчилсантай холбоотой байна. 

Яам, агентлагаар авч үзвэл, 33 хувь буюу 600 гаруйг нь сайд нар баталжээ. Тодруулбал,

  • БОАЖЯ – 89,
  • БХБЯ – 146,
  • Сангийн яам -88,
  • ХЗДХ-ийн яам 91 гэх мэтээр эдгээр яам хамгийн олон журмыг баталсан байна. 

Засгийн газрын агентлагуудаас 170 журам баталжээ. Үүнээс хамгийн олон нь,

  • ГЕГ – 35,
  • ТЕГ – 47, 
  • Мал эмнэлгийн ерөнхий газар 25 журам баталсан. 

УИХ-ын харъяа байгууллагуудаас 143 журам баталсан байна. Үүнээс хамгийн олон нь,

  • Санхүүгийн зохицуулах хороо – 66,
  • Монголбанк – 36-г баталжээ. 

ХЗДХЯ-нд бүртгэлгүй буюу баталчихаад бүртгүүлээгүй 850 жураам байгаа нь тогтоогдлоо. Дээрх 2500 журам дээр нэмээд шүү. Иймд Ерөнхий сайд улс төрийн шийдвэр гаргаж, ХЗДХЯ-нд бүртгэлгүй, хянагдаагүй 850 журмыг хүчингүйд тооцохоор боллоо. Мөн 2500 журмыг хоёр дахин багасгах шийдвэр гаргасан. Тэгэхээр нийт 2000 орчим журмыг хүчингүй болгоно. 

Засгийн газар болон яамдаас батлах журмын дээд хязгаарыг 500 байхаар тогтоолоо. Ийн хүчингүй болсноор гарах өөрчлөлтүүдийг тухайн хуулиудад нь тусгах шаардлагатай учир Ерөнхий сайдын захирамжаар Ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахална. Миний бие дэд даргаар ажиллана” гэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу