Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахаар өнгөрсөн гуравдугаар сард Ажлын хэсэг байгуулсан. 

Уг ажлын хэсэг өнөөдөр хуралдан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын төлөвлөгөөг баталлаа. Тодруулбал, хуулийн төслийн үзэл баримтлалд шаардлагатай мэдээлэл, саналыг салбар бүрийн хүрээнд бэлтгэн, боловсруулах, хуулийн төслийн эхний хувилбарыг боловсруулж, хэлэлцүүлэг зохион байгуулах, санал авч, үр нөлөөг үнэлэх ажлыг 2023 оны арванхоёрдугаар сард багтаан хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг: “Холбогдох хуулийн заалтуудын зөрчлөөс үүдэж олон асуудал, эргэлзээ урган гарч байна. Дундын өмчлөлд хүлээх үүргийн хуваарилалтыг тодорхой болгож, хариуцлагыг сайжруулах, хяналтын менежмент хийх шаардлагатай. Нийслэлийн зүгээс ямар асуудлыг хариуцах вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Өмнөх хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудад үндэслэн асуудлуудаа ангилж, хэрэгцээ шаардлагаа тодорхойлох ёстой. Мөн сайн ажиллаж байгаа СӨХ-дтой уулзаж, тэдний сайн туршлагыг судлах хэрэгтэй” гэв.

СӨХ-ны үйл ажиллагааг одоо зохицуулж буй хуулийг 2003 онд баталсан бөгөөд өнөөдрийн байдлаар СӨХ, оршин суугч, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, зохицуулах шаардлагыг хангахгүй байгаа юм. Нийслэлийн оршин суугчдын хамгийн их тулгамддаг асуудлын нэг бол орчны тохижилт, тоглоомын талбайн ашиглалт. Гэтэл Улаанбаатарт байгаа 1400 гаруй СӨХ-ны 307 нь орчныхоо газар ашиглах гэрээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай байгуулсан байгаа юм.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу