Зохиолч, яруу найрагч Гүн овгийн Г.Аюурзанын “Монгол хүн” хэмээх гурван боть бүтээл уншигчдын гарт хүрэхэд бэлэн болжээ. Энэхүү номын хавтасны зургийг гэрэл зурагчин О.Баярсайхны бүтээлээр чимж, “ТАЛЫН ЯЗГУУРТАН” сан ивээн тэтгэж хэвлүүлсэн байна. 
Зохиолч номынхоо тухай цөөн үгээр ийнхүү бичсэнийг хүргэж байна. 
“МОНГОЛ ХҮН: ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ БОДОЛ”
Монгол хүн гэж хэн бэ? Үүх түүх, уг удам, үндэстний хуваагдал, түүнчлэн өдөр тутмын амьдралд маань тохиолддог зүйлсийг ч үндэсний үзэл санаатай холбож, үндэстнийхээ оршихуйн тухайд сэтгэл зовниж явдаг хэн бүхэнд зориулсан эл номыг 2022 оны хавар бичсэн юм.
“МОНГОЛ ХҮНИЙ ЭРХЭМ ДЭЭД ЧАНАРУУД “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН”-Д”
Монголчуудын эрхэм сайхан зан чанарууд түүхэн сурвалжид хэрхэн туссан тухай энэхүү номыг 2019 оны хавар бичсэн бөгөөд “Нууц товчоон” бол монгол үндэстний “ёс зүйн библи” гэсэн санааг дэвшүүлсэн болно. Монгол Улс бүх талаараа дэлхийд тэргүүлж явсан үеийн сэтгэлгээгээр л бид үр удмаа хүмүүжүүлэх учиртай билээ.
“МОНГОЛ ХҮН: ХУДАМ БИЧГЭЭС ГҮН СЭТГЭЛГЭЭ РҮҮ”
Монголчуудын бичиг үсгийн түүхийг арай өөр өнцгөөс харж, басхүү шинэ таамаг дэвшүүлэх гэж оролдохын хамт монгол туургатнаас төрсөн сэхээтнүүдийн тухай бичвэрүүдээр дамжуулан манай үндэстэн эрдэм боловсролыг эрхэмлэдгээрээ бусад нүүдэлчин ард түмнээс илт ялгарч байсан онцлогийг бахархан сануулахыг хичээв.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу