Засгийн газар өнөөдөр (2023.11.29)-ийн хуралдаанаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-д дахин онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах хугацааг сунгав.

Жилийн өмнө буюу Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилж, 2023 оны УИХ-ын 28 дугаар тогтоолоор зургаан сарын хугацаагаар сунган ажиллуулахаар болсон. Энэ оны аравдугаар сард сунгасан хугацаа дууссантай холбогдуулан хуулийн дагуу нэг сарын дараа дахин БЭТ томилох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ.

Тус компани БЭТ томилсноос хойших нэг жилийн хугацаанд нийт 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрс борлуулж, төсөвт гурван их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлээд буй юм.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоож, БЭТ-ийн ажиллах хугацааг сунгаж байгаа талаар тайлбарлахдаа,

Нэгд, нүүрсийг биржээр зардаг болсон үйл ажиллагааг цаашдаа тогтворжуулах зайлшгүй шаардлага байна. Биржээр зарах нь гадаадын худалдан авагч нарт сэтгэл ханамж хангалттай бус байдгаас шалтгаалаад хилийн орчимд тодорхой асуудал үүсдэг. Энэ үйл ажиллагааг цаашдаа тогтмол хэвийн, жигд болгох зайлшгүй шаардлага байгаа учраас БЭТ-ийг сунгаж ажиллуулах шийдвэр гаргаж байна.

Хоёрт, “Эрдэнэс Тавантолгой”-д анх БЭТ томилохдоо гүйцэтгэх засаглал, засаглалын тогтвортой байдал, хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрэн хангах үүрэг даалгавар өгч ажиллуулж байсан. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн БЭТ-д олон улсын мэргэжлийн аудитын байгууллага оруулж, уул уурхайн олборлох үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд нь хөндлөнгийн аудитыг албан ёсоор хийж, бодит нөхцөл байдлыг олон нийтэд танилцуулах ёстой гэсэн чиглэл өгсөн.

Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа сонгон шалгаруулалт зарласан боловч компанийн өнөөдрийн байгаа нөхцөл байдал буюу гадаад, дотоодод буй өр төлбөртэй холбоотой олон улсын аудитын байгууллага ажиллах нөхцөл хараахан бүрдэж чадсангүй.

Компанийн өр төлбөрийн асуудал болон засаглал, санхүүгийн түвшинд үүссэн нөхцөлийг нэг мөр арилгах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, олон улсын хөндлөнгийн аудитын байгууллага оруулж, нэгдсэн нэг дүгнэлт гаргах, олон улсын түвшний ур чадвартай менежерээр “Эрдэнэс Тавантолгой”-г удирдуулдаг байх зорилго агуулсны үндсэн дээр БЭТ-ийн хугацааг дахин сунгах шийдвэр гаргаж байна” гэлээ.

“БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ АСУУДЛЫГ
ЯРИХАД ЭРТ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО”

Тэрбээр Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох эсэх асуудлаар байр сууриа илэрхийллээ.

ЗГХЭГ-ын дарга, сайд Д.Амарбаясгалан “Цэргийн ангиудад шалгалт хийх ажил явагдаж байна. Цэргийн амьдрах, суралцах орчин нөхцөлийг сайжруулах, илүү чадварлаг цэргийн байгууллагатай болох зэрэг олон нийтээс тавьж буй шаардлагатай Засгийн газар санал нэг байна.

Монгол Улс цэрэг, арми, хилийн аюулгүй байдлын асуудалд илүү анхаарал хандуулж, шаардлагатай төсвийг хангалттай суулгаж чадаагүй нь өнөөдрийн дүр зургийг бий болгож байна гэдэгт бид санал нэгдэж, анхаарч ажиллах ёстой.

Ямар учир шалтгаанаас болж ийм нөхцөл байдал үүссэнийг эцэслэн тогтоохгүйгээр Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох асуудлыг ярихад эрт гэж ойлгож болно. Сайдаас шууд хамаарсан алдаа дутагдал мөн, үгүйг харгалзан үзэхгүйгээр улс төрийн хариуцлага тооцдог асуудал олон байсан. Цаашид уг асуудлыг аль ч түвшинд бодолцохгүй бол төрийн тогтвортой байдал алдагдах аюул ирж байна.

Олон нийтийн шүүмжлэлийг бид хүлээж авах ёстой, гэхдээ бодитоор хандах зарчим баримтална” гэв.

ФРАНЦЫН “ОРАНО МАЙНИНГ” КОМПАНИАС 70 ОРЧИМ ХУУДАСТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНИЙ САНАЛ ИРСЭН”

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах хэлэлцээний протоколд Франц улсад гарын үсэг зурсан. Уг төслийн явцын талаар мэдээлэв.

Тэрбээр “Ураны хөрөнгө оруулалтын гэрээ, нөхцөл байдал манай улсад яригдаж буй асуудал. Улс оронд ашигтай, Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхгүй байх баталгааг хуулийн өөрчлөлтөөр хийж авах асуудал УИХ дээр хийгдэж байгаа. Хэлэлцүүлгийн түвшин ямар шатанд яваа талаар хариулт өгөх боломжгүй.

Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын гэрээний үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй явуулна. Франц улсын төрийн өмчит “Орано” компаниас 70 орчим хуудастай, хөрөнгө оруулалтын гэрээний санал ирсэн. Нэр бүхий сайд нараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

Тодруулбал эдийн засгийн тооцоололтой холбоотой ажлын хэсгийг сайд Ч.Хүрэлбаатар ахалж байгаа бөгөөд энэ долоо хоногт Монгол, Францын хэлэлцээр албан ёсоор эхэлнэ.

Татвар хураамжтай холбоотой асуудлыг сангийн сайд Б.Жавхлан хариуцан яриа хэлэлцээрийг эцэслэж, дэд ажлын хэсгийг удирдан зохион байгуулж байна. Ууул уурхай, Байгаль орчин, Хууль зүйн сайд нар мөн ажиллаж байна.

Уг төсөл нь байгаль орчин, хүн, амьтанд хоргүй байх, эдийн засгийн үр өгөөж 50+1 хувь нь Монголын талд байх зарчмыг баримталж, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангах зорилгыг баримтлан ажиллаж байгааг хэлье” гэв.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу