АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжер 100 насандаа таалал төгссөн талаар “Kissinger Associates” компани Лхагва гарагт гаргасан мэдэгдэлдээ дурджээ.

Тус мэдэгдэлд “Доктор Хенри Киссинжер өнөөдөр Коннектикут дахь гэртээ таалал төгслөө. Киссинжерийн 50 орчим жил ханилсан эхнэр Нэнси Магиннес Киссинжер нь эсэн мэнд байна” гэж тэмдэглэсэн байна.

Хенри Киссинжерийн нас барсан шалтгаан тодорхойгүй байгаа аж.

Мэдэгдэлд “Америкийн хамгийн агуу төрийн зүтгэлтнүүдийн нэг, доктор Киссинжер 1977 онд төрийн албыг орхисноос хойш Америкийн хоёр намын ерөнхийлөгч нар болон гадаадын олон удирдагчтай тогтмол харилцаатай байж, санал бодлоо солилцож, үргэлж зөвлөлдөж ирсэн” гэж дурджээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Киссинжерийг “дипломат харилцааны их мастер”, “дэлхийн зөвлөх”, “гадаад бодлогын гуру” хэмээн нэрлэдэг. 2015 оны “Foreign Policy” сэтгүүлээс явуулсан санал асуулгаар, түүнийг сүүлийн 50 жилийн хугацаанд хамгийн үр дүнтэй ажилласан АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар нэрлэжээ.

Гэвч Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед нь либерал ба пацифист үзэлтнүүд, мөн АНУ-ын улс төрийн хүчний баруун жигүүр ихэд шүүмжилдэг байсан аж.

Хүний эрхийн төлөө тэмцэгчид Киссинжерийг 1970-аад онд АНУ-ын тагнуулын байгууллагуудын дэмжлэгтэйгээр засгийн эрхэнд гарсан хугацаандаа Латин Америкийн Аргентин, Чили зэрэг хэд хэдэн оронд өрнөсөн хэлмэгдүүлэлтэд оролцсон гэж буруутгаж байжээ.

Киссинжер ОХУ-д хэд хэдэн удаа айлчилсан байна. Эдгээр айлчлалын үеэр тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй 10 гаруй удаа уулзжээ. Тэд хамгийн анх 2001 оны долдугаар сард, сүүлд 2017 оны зургадугаар сарын 29-нд уулзалдсан байна. Улстөрч “Оросыг дэлхийн тэнцвэрийн шинэ тогтолцооны чухал элемент гэж үзэх ёстой. Орос, АНУ-ын тэнцвэрт байдал нь дэлхийн тогтвортой байдлыг бэхжүүлнэ” гэж үздэг байжээ.

Эх сурвалж: TASS
э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу